Хар санаа, хайр сэтгэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хар санаа, хайр сэтгэл (герм. Kabale und Liebe) жүжгийг XIX зууны эхэн үед Европыг доргион гарч ирсэн Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллер бичсэн юм. Анх 1784 оны 4 сарын 15-нд Франкфурт хотноо тоглогджээ. Түүний бичсэн энэхүү эмгэнэлт жүжиг дэлхийн томоохон театруудын урын санг баяжуулан үе үеийн найруулагч, жүжигчдийн ур чадварын хэмжүүр болон амьдарсаар байгаа бөгөөд Монгол улсын хувьд 1963 онд Сангижавын Гэндэн, 2004 Найдангийн Ганхуяг Ф.Шиллерийн энэхүү бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулан тавьжээ.

Түүх[засварлах]

1963 онд Улсын драмын театр Дуурь бүжгийн театраас өрх тусгаарлан бие даасан театр болсноо уг жүжгээр Монголын үзэгчдэд анх танилцуулсан түүхтэй. Тэр үед энэ жүжигт Фердинанд-Лоолийн Жамсранжав, Луиза-Дашийн Цээнямбуу, Фон Вальтер-Жамбын Лувсанжамц, Ахайтан Мильфорд-Лхамжавын Долгор, Вурм-Батнасангийн Дашдаваа, Миллер-Лувсанбалдангийн Лувсан тоглосон байна. Жүжгийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Эрдэнэбатын Оюуны орчуулгаар театр киноны найруулагч, Ардын жүжигчин Сангижавын Гэндэн тайзнаа анх амьдруулсан юм.

Шинэчилсэн тавилт[засварлах]

2004 онд найруулагч Н.Ганхуяг уг эмгэнэлт жүжгийг тавихдаа XIX зууны тэргүүн хагасын сонгодог зохиолыг XXI зууны эхэн үеийн үзэгчдэд хэрхэн сонирхолтойгоор хүргэх вэ гэдгийг бодож, жүжгийнхээ найруулгын гол шугамыг өнөөгийн нийгмийн амьдралын амьсгалтай холбон тодорхойлж тавьсан байна. Жүжигт найруулагчийн санаа эхнээсээ тун тодорхой гарч үйл явдлын өрнөл дунд хорвоогийн сайн сайхан, аз жаргал, ариун хайр дурлалын үнэ цэнийг улам гүнзгийрүүлэн харуулахыг зорьжээ. Үүнд жүжгийн эхлэл, төгсгөл болон Луиза, Фердинанд нарын хайр сэтгэлийн илэрхийлэл хэсгүүд дээр хөгжим, чимээ, дуу зэргийг оновчтой ашиглан шийдвэрлэж чадсан нь наируулагчиин ажлын ололт болсон хэмээн тооцогддог.

Кастинг[засварлах]

Монгол улсын Гавьяат жүжигчин Самбуугийн Сарантуяагийн бүтээсэн эзэн хааны нууц амраг, ахайтан Мильфордын дүр онцгой бөгөөд Мильфорд бол хэдийгээр чинээлэг орчинд амьдарч, амьдралын байр сууриа баттай олсон боловч хайр сэтгэлийн төлөөх асар их тэмүүлэл дунд зовлон эдэлж шаналсан, гаднаас нь харахад жаргалд умбаж яваа юм шиг хэрнээ үнэн чанартаа гүн шаналалд унасан хөөрхийлэлтэй эмэгтэйн дүр билээ. Ард олныг хуурч амаар нь шороо үмхүүлсэн эзэн хааны бусармаг явдлыг сонсоод итгэж ядан эргэлздэг хэсэг болон өөрөө сэтгэл зүрхээрээ шархалж, ухаан алдан тэмүүлж яваа залуу Фердинандтай уулзахдаа биеэ барьж чадахгүй самгардан бухимдаж байгаа, Фердинандын үнэнч хайр сэтгэлийг өөртөө татсан ядуу бүсгуй Луизатай харилцахдаа бардам дээрэнгүй, өрөвч, энэрэнгүй сэтгэлийн олон өнгийг хослуулан жүжиглэж буй нь үнэмшилтэй болж үзэгчдийн талархлыг татсан байна.

Түүнчлэн Монгол улсын Гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайханы бүтээсэн Гофмаршал Фон Кальбын дүр нь өөрийн гэсэн тогтвортой байр суурьгүй, өндөр хэргэмтний өмнө үргэлж бөхөлзөж явдаг зусар бялдууч, аймхай, арчаагүй ойворгон эрийн дүр юм. Дорд ядуустай харилцахдаа хамраа өргөн хоолойгоо шахаж ихэмсэг дүрд хувилан дээд тушаалтны өмнө очихоороо өвдөг нь чичирч байж суух газраа олж ядан жижгэрдэг дунд гарлын арчаагүй түшмэлийн зан төрхийг шингээсэн Гофмаршал Фон Кальбийг гаднаас нь харахад инээдэмтэй юм шиг хэрнээ дотроо гүн эмгэнэлтэйгээр бүтээсэн байна.

Жүжгийн гол дүрүүд болох Германы нэгэн жижиг вант улсын ерөнхийлөгч Вальтерын хүү Фердинанд (жүжигчин Н.Наранбаатар), ядуу хөгжимчин Миллерийн ганц охин Луиза (жүжигчин У.Уранчимэг) нарын хайр сэтгэлийн догдлол, эрх ямба, эд хөрөнгө, нэр төрийн төлөөх бузар хуйвалдааны золиос болж эмгэнэлтэйгээр эргэж буй тэдний хувь тавилангийн өерчлөлт зовлон зүдгүүрийг туулж чадах зориг тэвчээр зэрэг дүрийн олон талт өнгө аяс энэхүү жүжигт бий.

Жүжгийн дуу[засварлах]

Шүлгийг Найдангийн Ганхуяг

Аяыг Лхагвадоржийн Балхжав

Дуулсан Б.Хулан, Б.Дашдондог


Гарцаагүй үнэнч хайраа чамдаа өгсөн юмсан

Ганцхан олдох амьдралаа хамтдаа туулахыг хүссэн юмсан

Үзэсгэлэн гоо гэдэг үүлэн чөлөөний нар юм уу

Үдшийн тэнгэрт гялалзавч үсэрхийлж харвах од юм уу


Орших, оршихгүйн заагт хүн болж төрсөн юм чинь

Одох, одохгүйн хязгаарт хүслээ гүйцээх ёстой юм чинь

Тэнцүүлж жишимгүй хайраа өөртөө хадгалж үлдье дээ

Тэнгэр дахиад цэлмэнэ, тэнгэр үүрд цэлмэнэ


Улирах цагийн эргэлтэнд хоёулаа гэж бодсон юмсан

Ургамал цэцэглэж хагдрахыг хамтдаа үзье гэж хүссэн юмсан

Эргэлтгүй хувирсан сэтгэлийг чинь ээрч тогтоож дийлшгүй нь

Эрчилсэн мөрний урсгалыг эргүүлж буцааж чадашгүй нь


Орших, оршихгүйн заагт хүн болж төрсөн юм чинь

Одох, одохгүйн хязгаарт хүслээ гүйцээх ёстой юм чинь

Цохилох зүрхээ би ухаанаараа тогтоон барья даа

Цолмон дахиад гэрэлтэнэ, цолмон үүрд гэрэлтэнэ


Хүний төлөө цохилох хүний зүрхийг яалтай билээ

Хүрч боломгүй жимсийг хүчээр цаламдаад яах билээ

Асралт тэнгэрийн ивээлд алдхан биеэ тушаая даа

Асгарч шаагисан хураараа ариутгаж өгөхийг хүсье дээ


Орших, оршихгүйн заагт хүн болж төрсөн юм чинь

Одох, одохгүйн хязгаарт хүслээ гүйцээх ёстой юм чинь

Найдаж хүлээсэн сэтгэлээ буцааж би авья даа

Наран дахиад мандана, наран үүрд мандана

Агуулахад байгаа «Хар санаа, хайр сэтгэл» зургийн цомог