Чүнжон ван
Чүнжон ван (солонгосоор: 충정, хятадаар: 忠定) (1338 оны 1 сарын 9 - 1352 оны 3 сарын 23) бол Гуулин улсын 30 дугаар ван юм. Төрсөн нэр нь Ван Цо (왕저, 王㫝), монгол нэр нь Чосгэндорж (미사감타아지, 迷思監朶兒只, тө. ཆོས་ཀྱི་རྡོ་རྗེ་ Čosgen Dorji) болой. Чүнхэ вангийн Юнь овогт татвар эмээс төрсөн отгон хөвүүн. 1348-1351 онд вангийн сууринд суусан. 1351 онд 13 насандаа алуулсан. Таалал төгссөний дараа Чоннын бунханд оршуулж, Чүнжон их ван (충정대왕, 忠定大王) хэмээн нэхэн өргөмжлөв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1348 оны 4 сард Кёнчан Бувонгүн (경창부원군, 慶昌府院君) цол хүртэв. Тус оны 10 сард Чүнмуг ван таалал төгссөний дараа курёгийн түшмэд Кёнчан Бувонгүн, Канрин их гүн (강릉대군, 江陵大君) хоёрын аль нэгийг шинээр ван болгож өгөхийг гуйсан захидал илгээв. 1349 оны 2 сард Юань улсын Тогоонтөмөр хааны зарлигаар Кёнчан Бувонгүнийг улсын ванд өргөмжлөхөөр болов. 1349 оны 5 сард вангийн сэнтийд залах ёслол болж, вангийн сууринд залрав. Түүнийг ван болсны дараа өмнөх вангийн монгол хатан Докнён гүнж, шинэ вангийн эх Юнь овогт хатан нарын дунд улс төрийн тэмцэл өрнөж эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Төрийн бүхий хэрэг, зарлиг шийдвэр нь улс төрд нөлөө ихтэй баян гэр бүл, сайд түшмэдийн хяналтанд байж, зөвхөн билэгдэл төдий улсын ван байсан. 1350 онд Японы далайн дээрэмчид Кёнсан мужийн эрэг хавийн тосгодыг довтлон дээрэмдэв. 1351 онд түшмэл Юнь Тэк, И Сынро нар Юань улс руу Чүнжон вангийн нас бага, төрийн хэргийг явуулах чадамжгүй тул вангийн сууринаас буулгаж, түүний авга ах Канрын их гүн Ван Ги-ийг улсын ван болгож өгөхийг гуйж захидал илгээсэн. Удалгүй Чүнжон ванг огцоруулж, Канхва арал руу цөлж, Канрын их гүн Ван Ги нь вангийн сууринд залрав. 1352 онд Чүнжон ван цөллөгний газар хор ууж нас барсан. Түүнийг таалал төгссөний дараа нэхэж цол өргөмжлөөгүй харин 1367 Юань улсаас Чүнжон их ван цолыг нэхэн соёрхожээ. Түүнийг Кэсон дахь Чоннын бунханд оршуулсан.
Гуулин улсын судар, Донгук Тонгам мэтийн солонгосын 14-15 дугаар зууны үеийн сурвалж бичигт Чүнжон вангийн зан байдлыг дараах байдлаар тэмдэглэхдээ: Жон вангийн ойрын хараа муу, сайд түшмэдийн дээл хувцас руу бэх цацаж, цохиж зодон, ёс зүйгүй авирлаж, эмс охидыг хармагц шалиглан хоргоодог зэргээр өгүүлжээ. Ийм байдлын улмаас авга ах Канрын их гүн Ван Ги-ийг түүний оронд ван болгожээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Чүнхэ ван (충혜왕) (1315 – 1344)
- Өвөө: Чүнсук ван (충숙왕) (1294 – 1339)
- Эмээ: Намян Хон овогт Гонвонь хатан (공원왕후 홍씨)
- Эх: Папён Юнь овогт Хуйби татвар эм (희비 윤씨; ?-1380)
- Нагац өвөө: Юнь Кэжон (윤계종, ? - 1346)
- Нагац эмээ: Ёхын Минь овогт ахайтан (여흥 민씨)
- Өргөмөл хүүхэд: Ван Чэ (왕제)
Өмнөх Чүнмуг ван |
Курё улсын ван 1348-1351 |
Дараах Кунминь ван |