Шах Жахан
Шах Жахан нь 1628-1658 оны хооронд Энэтхэгийн Могол хаант улсын хаан байсан. Шах Жахан гэдэг нэр нь Персийн дэлхийн хаан гэсэн үгнээс гаралтай. Тэрээр Бабур, Хумъяан, Акбар, Жахангир хаадын дараах Моголын тав дахь хаан нь юм. Өвөө болох домогт Акбар түүнийг багад их хайрлаж өсгөжээ. Түүнийг мөн сүр жавхлантай Шах Жахан хэмээн дууддаг байв. Тэрээр Чингис хаан, Төмөр хаан нарын удам байсан төдийгүй түүний судсаар Франкийн хаан, Ломбардын хаан, Ариун Ромын Эзэнт Гүрний хаан Их Карлын цус гүйж байв. Жахангир хааныг өөд болсны дараа 1627 онд Шах Жахан бага насандаа хаан ширээг залгамжилсан. Тэрээр Моголын хамгийн агуу хаанд өргөмжлөгддөг бөгөөд түүний төр барьж байх үе нь Моголын алтан үе, Энэтхэгийн соёл иргэншлийн хөгжлийн үе байсан юм. Өвөө Акбарын адилаар хаант улсаа өргөн уудам болгох зорилготой байсан. 1658 онд тэрээр өвчин тусаад нас барах хүртэл хугацаанд хүү Аурангзеб үйл хэргийг нь үргэлжлүүлж байв. 1666 онд өөд болохдоо тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг хүний нэгд тооцогдож байсан бөгөөд түүний эзэнт гүрэн 3,000,000км² газар нутагтай хамгийн хөгжингүй нийслэл хот болон дэлхийд архетиктурийн гайхамшигт шилдэг бүтээлүүдээ үлдээсэн юм.
Түүнийг хаан ширээнд сууж байх үеийг Могол гүрний уран барилгын алтан үе гэж тооцдог. Шах Жахан нь олон гайхамшигт хөшөө дурсгал босгосны хамгийн шилдэг нь түүний хатан Мумтаз Махалдаа зориулсан Таж Махал юм. Тэрээр Хуучин Дели хотыг үүсгэн байгуулсан. Түүний бусад гайхамшигт бүтээлүүдийн тоонд Сувдан сүм ордог. Шах Жахан нь урлаг болон уран барилгын өндөр мэдрэмжтэй байсан бөгөөд 777 цэцэрлэгт хүрээлэн бариулсан. Тэдгээрийн зарим нь одоо хүртэл байдаг бөгөөд олон зуун жуулчид сонирхдог.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Шах Жахан нь 1592 оны 1 сарын 5-нд Жахангир хааны гурав дахь, хамгийн хайртай хүү нь болон өнөөгийн Пакистанд мэндэлсэн байна. Түүний жинхэнэ нэр нь Курам бөгөөд түүний өвөө Акбар баяр баясгаланг бэлэгдэж өгсөн нэр юм. Тэрээр багадаа өндөр боловсрол эзэмшсэн бөгөөд урлагийн өндөр мэдлэгтэйгээс гадна цэргийн сайн удирдагч юм. Тэрээр 16 насандаа элэнц өвөөгийнхөө ордонг гайхамшигтайгаар тохижуулж олныг алмайруулсан. Түүнийг гайхамшигт бүтээн босгогч хэмээн дууддаг байсан.
Гэрлэлт
[засварлах | кодоор засварлах]1607 онд 15 настайдаа Курам Персийн язгууртны охин 14 настай Аржуманд Бану Бигумтай гэрлэжээ. Тэрээр эхнэрийнхээ гоо сайхныг биширдэг байсан бөгөөд түүнийг ордны чимэг буюу Мумтаз Махал гэж өргөмжилжээ. Мумтаз Махал 14 хүүхэд гаргасан. Хэдий олон хүүхэд төрүүлж өсгөсөн ч гэсэн ямар ч үед нөхрийнхөө хажууд байдаг байсан. Тэрээр нөхөртөө маш үнэнч үргэлж дэмжиж хайр итгэлийг нь хүлээдэг байсан. Мумтаз Махал 14 дэх хүүхдээ гаргаж байхдаа 1631 онд өөд болсон. Энэ үед бас л нөхөртэйгээ дайнд явж байсан. Түүнийг Табти голын эрэг дээрх Зайнабад гэдэг цэцэрлэгт хүрээлэнд оршуулсан. Курам удалгүй Акбарабади Махал, Кандахари Махал хэмээх хоёр эхнэр авсан. Гэвч тэдний гэрлэлт нь тийм ч сайхан байгаагүй. Курамын анхны эхнэр Мумтаз Махалдаа өгсөн хайр нь хэзээ ч дундардаггүй байжээ.
Угсаа залгамжлагч
[засварлах | кодоор засварлах]Могол эзэнт гүрний угсаа залгамжлах ёс нь бусад гүрнүүдээс өөр байсан. Хааны хөвгүүд нь хоорондоо авъяас чадвар мэдлэг ухаан оюунаа уралдуулан өрсөлддөг бөгөөд тэдний хэн нь хаан ширээнд суухыг шүүхээр шийдвэрлэдэг байжээ. Тиймээс ч маш их бослого тэмцэл, атаа хорсолтой байдаг байсан. 1617 онд Курамын цэрэг Лодигийн эсрэг хийсэн тулаанд онцгой ялалт байгуулсныг аав нь өндрөөр үнэлж дэлхийн хамгийн зоригтой хаан цол өгсөн. Гэвч 1622 онд тэрээр аавынхаа хамгийн бага богтолж авсан эхнэр Нур Жаханы охиныг Курамын бага дүүтэй гэрлүүлж улмаар түүний эрх мэдлийг нь нэмснийг эсэргүүцэн аавынхаа эсрэг бослого гаргасан удаатай. Курам нь энэ бослогод ялалт байгуулж чадаагүй ч 1627 онд аавынхаа үхлийн дараа хаан ширээнд сууж чадсан. Тэрээр хаан болсныхоо дараа хамгийн түрүүнд өрсөлдөгчдөө цаазалж хойд эх Нур Жаханыг хорьсон байна.
Могол улсыг захирсан нь
[засварлах | кодоор засварлах]Хэдийгээр түүний аавын төр барих арга барил нь энхтайвны замаар явж байсан боловч энэ нь сүүлдээ улс гүрэнд аюул авчирсан. Шах Жахан нь засгийн эрхэнд гарангуутаа энэхүү байдлыг өөрчилж газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлсэн байна. 1648 он гэхэд түүний арми 440,000 явган цэрэг, их буучдаас бүрдэж байв. Түүнийг засгийн эрх барьж байх үед цэргийн сүр хүч болон ноёд язгууртны тоо ихээр өссөний зэрэгцээгээр ядуу иргэдэд ноогдуулах татвар мөн өссөн. Гэвч тэрээр үүнийг санхүү болон худалдааны мэдлэгээрээ зохицуулж ард түмний дунд амгалан тайван байдлыг бий болгож чадсан. Түүний хөвгүүд нь газар газар луу дайлаар мордож газар нутгаа тэлж байсан. Мөн энэ үед Энэтхэг нь дэлхийн урлаг, уран барилгын хамгийн баян тансаг орон болж чадсан бөгөөд хамгийн шилдэг мужаан, зохиолч, зураач нар Энэтхэгт амьдрах болжээ. Мөн түүний гүрэн дэлхийн хамгийн өндөр дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гүрэн болж чадсан. Шах Жахан нь Османы султан Мурадтай элч солилцож, найрсаг харилцаатай байсан бөгөөд хоёр шилдэг уран барилгачныг өөрийн хажууд авч хожим Таж Махалыг барихад оролцуулжээ.
Шах Жахан гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Шах Жахан нь өөрийн бүхий л өвөг дээдэстэйгээ адил олон эхнэр, бага эхнэр, мөн бүжигчин охидтой байсан. Европын хэд хэдэн он тооллын бичиг хөтлөөч нар үүнийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Никколао Мануччи "Шах Жахан өөрийгөө аз жаргалтай байлгахад үйлчлэх эмэгтэйчүүдийг хайхад л бүх анхаарлаа хандуулдаг байлаа" гэж бичсэн байдаг. Бүх зэрэглэлийн эмэгтэйчүүд болох баян ядуу, алдартай үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээс бусдыг нь ордондоо орохыг хориглосон байна. Тэрээр Агро Фортод саатуулагдсан байх үед түүний хүү Аурангзеб түүнийг өөрийн эмэгтэйчүүдээ түүнчлэн дуучин болон бүжигчин эмэгтэйчүүдээ авч үлдэх эрх олгосон.