Jump to content

Уильям Шекспир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Шекспир-с чиглүүлэгдэв)
Уильям Шекспир

Төрсөн: 1564 оны 4 сарын 26-нд загалмайлуулсан (төрсөн өдөр нь яг тодорхойгүй)
Англи, Варвикшир, Стрэтфорд-апон-Эвон
Өнгөрсөн: 1616 оны 4 сарын 23 (52 насалсан)
Англи, Варвикшир, Стрэтфорд-апон-Эвон
Ажил үйл Жүжгийн зохиолч, яруу найрагч, жүжигчин
Яс үндэс Англи
Гарын үсэг

Уильям Шекспир (Англи: William Shakespeare, 1564 оны 4 сарын 26 - 1616 оны 4 сарын 23) нь Английн алдарт зохиолч, яруу найрагч юм. Тэрбээр анх театр үүсэн бий болж байх үед амьдарсан. Зүгээр л ийм үед амьдарсан биш театрыг бий болголцсон хүн нь тэр өөрөө байлаа. Жүжгийн зохиол бичиж эхлэхээсээ өмнөх 10 жил тэр явуулын театрын жүжигчин байсан юм.

Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта хоёр"-гаа Шекспир 30 орчим насандаа бичжээ. "Гамлет"-ыг 37-тойдоо, "Отелло"-г 40-тэйдөө, "Лир ван"-г 41-тэйдээ бичсэн байна. Дараа нь агуу их "Макбет", "Антонии, Клеопатра хоёр" зэрэг олон жүжгээ туурвисан байна. Эдгээр эмгэнэлт жүжгүүдээс гадна "Хайр дурлалын хайран хүч", "Зуны шөнийн зүүд", "Арван хоёр дахь шөнө" зэрэг монголчуудын сайн мэдэх олон шилдэг инээдмийн жүжиг бичсэн юм. Хэдийгээр тэрбээр эмгэнэлт, инээдмийн төрлийг хослуулан бүтээж байсан ч оргил гэж хэлж болох бүтээлүүд нь эмгэнэлт зохиолууд нь байв.

52 жил амьдраад Шекспир 1616 онд мөн л Эвон голын эрэг дээрх төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Тэрбээр өөд болохдоо "Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа" гэсэн байдаг. Энэ давтагдашгүй суут хүн 37 жүжиг бичсэн бөгөөд бүтээлүүдийнх нь нэлээд нь хүн төрөлхтний аль ч үеийн ямар ч билиг танхай туурвигчид хүрч очоогүй оргил болсон юм.

Уильям Шекспир нь Стратфорд (англи. Stratford-upon-Avon«Эйвон дахь Стратфорд») хотноо Жон Шекспирийн (1530—1601) 8 хүүхдийн 3 дахь нь болж төржээ. Эцэг нь чинээлэг бээлий хийдэг гар урчин бөгөөд хотынхондоо нэр хүндтэй хүн, янз бүрийн сонгуульт үүрэг хүлээж, хотын даргын ажлыг хийж байсан гэдэг. Эх Мэри Арден (1537—1608) гэж саксон гаралтай нэгэн байжээ. Шекспир хүү Стрэтфордын гимназид хэл зүй, уран хэллэг, логик, латин ба грек хэлд суралцаж байхдаа эртний уран зохиолын хэсгээс орчуулан цээжилж, Грек, Ромын домгуудтай танилцаж байсан. Тэрбээр арван найман насандаа хорин зургаан настай тариачны охин Энн Хэдэуэйтэй гэрлэж, 1587 онд Лондон хотод очиж, өөрийн хувь заяаг театртай нэг мөр холбожээ. Тэд гурван хүүхэдтэй болсон боловч ууган нь эндсэн байна. Анхандаа театрт хар бор ажил хийж, улмаар жүжгийн зохиолчийн авьяасаа шалгаж эхэлжээ.

Жүжгийн зохиолч

[засварлах | кодоор засварлах]

Шекспир эхэн үедээ хуучин жүжгүүдийг засварлан боловсруулж байснаа өөрийн зохиолуудыг үндсэндээ 30 орчим настайгаасаа эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл Лондонд суурьшин амьдрах болсон 1592 оноос гэж тооцсон ч болно. Энэ үед "Венера Адонис хоёр" (1593), "Лукреций" (1592) гэсэн хоёр найраглал бичиж ихээхэн нэр алдар хүртсэн байна.

Зохиол бичихийнхээ хажуугаар тэр жүжигт тоглосон хэвээрээ л байлаа. Гэсэн хэдий ч тэр аль ч театрт харьяалагддаггүй, одоогийн бидний ярьдагчлан "чөлөөт уран бүтээлч" байжээ. Харин 1594 онд алдарт жүжигчин Бербежийн удирдсан жүжигчдийн бүлгэмтэй нийлээд "King's men" буюу Хааны албатууд гэдэг уран бүтээлийн хамтлагт гишүүнчлэгддэг байв. Тэр хамтлагийг Анхдугаар Жеймс хаан ивээж байсан аж. Хамтлагийн ажил үйлс маш урагштай байснаар барахгүй 1599 онд Бөмбөрцөг театрыг байгуулж, жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчийн үүргийг гүйцэтгэж байв.

Энэ үедээ түүний уран бүтээл ид цэцэглэж, "III Ричард", "Лир ван", "Макбет", "Отелло", "Гамлет", "Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг", "Зөрүүд хүүхнийг номхотгосон нь", "Ромео Жульетта хоёр", "Юлий Цезарь", "Зуны шөнийн зүүд" алдарт жүжгүүдээ, мөн гайхамшигт уянгалаг сонетуудаа туурвиад 1612 онд Лондон хотыг бүрмөсөн орхиж, төрөлх Стрэтфорддоо суурьшаад 1616 оны 4 сарын 23-д таалал төгсжээ. Ийнхүү Шекспир тавин хоёр наслахдаа 37 жүжиг, 154 сонет, 2 найраглал бичсэн байна.

Зохиолын хэв маяг

[засварлах | кодоор засварлах]

Түүний уран бүтээлээс цусны өшөө хонзон авах феодалын уламжлалт ёсны золиос болсон үнэнч хайр дурлалт хосуудын хувь заяаг яруугаар үзүүлсэн "Ромео Жульетта хоёр", хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон санаа, зусардан бялдуучлахын ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг илэрхийлсэн "Гамлет", хувь хүн болон түүнийг хүрээлэн байгаа нийгэм хоёрын тэмцлийг харуулсан "Отелло", цэвэр ариун хүнлэг ёс, цэвдэг хүйтэн сэтгэлтэй хэрхэн зөрчилдсөнийг илэрхийлсэн "Лир ван", дарангуйлагч төр засгийг эсэргүүцэх үзэл гүнзгий илэрсэн "Макбет" хэмээх таван эмгэнэлт жүжиг нь илүүтэйгээр зохиолчийн нэр хүндийг хүн төрөлхтөнд дархалжээ.