Jump to content

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Монгол Улсад орших их сургууль юм.

Монгол улс дотооддоо инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) бүрэлдэхүүнд 1959 оноос Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм. 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ.

Политехникийн дээд сургуулийн хөгжил бэхжилтэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд бодитой хувь нэмэр оруулсан юм.Энэ төслийн хүрээнд тус сургуулийн шинэ үеийн багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг баазын асуудал зохих түвшинд шийдвэрлэгдсэн юм. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.

ШУТИС-ын багш профессоруудын диплом гардуулах ёслол 2013-06-20

ПДС-ийн хөгжлийн асуудалд төр, засгаас анхаарал тавьж 1988 онд тусгайд авч хэлэлцэн "ПДС-ийн талаар авах арга хэмжээний тухай" гэсэн тогтоол гаргаж байв. Сургуулийн материалаг баазын хөгжилд 1980 оны сүүлчээр тэр үеийн үнэлгээгээр 15.6 төгрөгийн өртөг бүхий хичээлийн байрны шинэ өргөтгөл ашиглалтанд орсон нь чухал түлхэц болсон юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 154-р тогтоолоор тус сургуулийг Монгол Улсын Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан юм. ПДС нь их сургууль болж зохион байгуулагдахын өмнө 9 факультет, мэргэжлийн ба үйлчлэх 31 тэнхим, 374 профессор багш, 3600 гаруй оюутантай дээд сургууль байсан юм. Политехникийн дээд сургууль нь 1969-1990 онуудад 12322 инженер техник, инженер эдийн засгийн мэргэжилтэнг өдөр, орой, эчнээ сургалтаар бэлтгэн гаргасан түүхтэй.

Зах зээлийн нөхцөлд Монголын дээд боловсролыг өөрчлєн шинэчлэх бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн эргэлтийн үетэй ПДС-ийг ТИС болгон өөрчилсөн цаг хугацаа давхцсан юм.

ТИС 1992 онд өөрийн бүтцэд өөрчлөлт хийж, факультетын зохион байгуулалтаас сургууль, төвүүдийн зохион байгуулалтанд шилжин, ТИС-ийн дээд түвшний удирдлагын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм.

ШУТИС-ийн бүрэлдэхүүнд 8 сургууль, 2 төв, мэргэжлийн ба үйлчлэх 31 тэнхим байсан бол 1998-2006 оны хичээлийн жилийн байдлаар бүрэлдэхүүн 15 сургууль, (үүнээс аймаг орон нутагт 3 салбар сургууль), эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 гаруй тэнхимтэй, 646 профессор багштай, 21000 гаруй оюутантай, 3 лицей сургуультай томоохон их сургууль болон өргөжиж, улмаар шинжлэх ухаан сургалт-үйлдвэрлэлийн том цогцолбор болон хөгжиж байна.

Бүрэлдэхүүн сургуулиуд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан