Үндэсний соёл амралтын хүрээлэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Үндэсний соёл амралтын хүрээлэн
Аж үйлдвэрийн салбар Амралт, зугаа цэнгэл
Өмнөх Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
Үүсгэн байгуулагдсан 1965
Төв байр Монгол, Улаанбаатар
Үйл ажиллагааны бүс Улаанбаатар
Вэб сайт ҮСАХ-н цахим сүлжээ


Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулсан. Хүүхдийн парк нь хотын төвд дунд байрладаг, 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5,6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбай юм.

Түүх[засварлах]

Паркийн анхны даргаар С.Дашдэндэвийг 1965-1971 он хүртэл томилон ажиллуулж байжээ. Паркийг барьж байгуулахад 70 гаруй мянган хүн өдрийн ажил хийж, 10 шахам сая төгрөгийн барилга, байгууламж барьж босгосны 50 шахам хувийг дан залуучууд, олон нийтийн хүчээр барьсан байдаг юм байна. Паркийг 1966 онд нээгээд өргөтгөж бүтээн байгуулах ажил 1969 он хүртэл үргэлжлэн хийгдсэн байна

Паркийг 1966 онд анх нээх үед 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2,8 км зам МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна.

1979 оны намраас 1,8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж 1980 онд ашиглалтад оруулсны дээр, улсын хөрөнгө оруулалтаар 1981-1983 онд ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, Сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аялалын галт тэрэг, далайчин зэрэг 124,0 мянган төгрөгний үнэтэй 7 төрлийн том талбайн аттракцион, 129,3 мянган төгрөгийн үнэ бүхий том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8 бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж, хөдөлмөрчид, хүүхэд залуучуудад үйлчилдэг болсон байна.

1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, байгууллагаа үлгэр жишээ соёлжуулан тохижуулах ажил хийж энэ хугацаанд хашааны баруун ба төв хаалга, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, гадаадын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчлэх өрөө, дэлгүүр, монгол үндэсний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сийлбэр гоёл, чимэглэлтэй гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулжээ.

1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” гэдэг нэртэй болсон байна.

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг Нийслэлийн Засаг Даргын 2005 оны 09-р сарын 26-ны өдрийн 397 дугаар захирамжаар татан буулгасан байна.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 09-р сарын 21-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гаргасан байна.

2005 онд “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК болон нэр нь өөрчлөгдсөн.

Захиралууд[засварлах]

Үндэсний Соёл Амралтын дарга, захирлаар дараах хүмүүс ажиллаж байсан. Үүнд:

Паркийн даргаар:

  1. Дамчаагийн Дашдэндэв 1965-1971 он
  2. Р.Занабазар 1971-1975 он
  3. Содномын Арьяашарав 1976-1978 он
  4. Даваажавын Бавуудорж 1979-1982 он
  5. Жавзанжавын Нарантунгалаг 1982-1985 он
  6. Сосорын Лунаа 1985-1991 он

МҮСАХүрээлэнгийн захирлаар:

  1. Дарингийн Баяраа 1991-1997 он
  2. Довжинсүрэнгийн Тогтохбаяр 1997-2000 он
  3. Пүрэвийн Дэлгэрнаран 2000 оны 4-12-р сар
  4. Раднаагийн Зоригт 2000-2005 он
  5. Д.Мөнхбат 2005 оны 02-р сараас одоог хүртэл

Шинэчлэл[засварлах]

Улаанбаатар хотын төвд байрлах Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн шинэчлэгдэх үйл явц нь нийт 3 үе шатаас бүрдэж байгаа бөгөөд, эхний ээлжинд Паркийг олон улсын үйлчилгээ, үйл ажиллагааны стандартад нийцсэн амралт зугаалгын цогцолбор төв болгон цогцлоон бүтээх зорилготойгоор ажиллаж байна.

Одоогоор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь 15 төрлийн аттракцион тоглоом, Хөгжөөнт тоглоомын төвүүд болох Бонгын Ертөнц тоглоомын төв, Автомат тоглоомын төв, Боулинг, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдтэйгээс гадна үйлчилгээний стандартыг бүрэн хангасан тав тухтай орчин, найрсаг түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг өөр өөрийн онцлогийг агуулсан 6 төрлийн ресторантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тоглоомууд[засварлах]

Аттракцион тоглоом[засварлах]

  1. Тойрог зам
  2. Агаарын дугуй
  3. Алсыг харагч
  4. Аймшгийн байшин
  5. Галзуу хулгана
  6. Гинжит
  7. Динозавр
  8. Дээрэмчний онгоц
  9. Завь
  10. Морин тойруулга
  11. Мөргөлддөг машин
  12. Мэлхий үсрэлт
  13. Сансрын хөлөг
  14. Саран савлуур
  15. Эргэдэг дельфин
  16. 3д кино үзвэр

Хөгжөөнт тоглоом[засварлах]

  1. Бонгын Ертөнц тоглоомын төв
  2. Мангасын ам
  3. Мөсөн гулгуур
  4. Талбайн шатар
  5. Тоглоомын талбай
  6. Хосуудын төгөл

Гадаад холбоос[засварлах]

ҮСАХ-н цахим сүлжээ