I Антигон
I Антигон Монофталм буюу I Антигон Циклопс нь (Латин хэл; “Ганц нүдэт”) (Англи хэл:Antigonus I Monophthalmus)(МЭӨ 382 онд төрж, МЭӨ 301 онд Бага Азийн Фригиад нас барсан.) Антигонидчуудын Македон улсыг үндэслэгч. Тэрээр Аугаа Александрын жанжин байв. Александрын залгамжлагч нарын дунд болсон хуйвалдаан, нөхөрлөл, дайн тулалдаанаас Бага Ази, Сири болон тун удалгүй I Селевк Никаторт найр тавьж өгсөн Евфрат мөрний зүүн нутгийг захирах эрхийг олж авчээ. МЭӨ 307 онд түүний хүү I Деметрий Афины захирагчийг хөөн зайлуулж, Кипр арлыг байлдан дагуулснаар Антигоны мэдэлд Газрын дундад тэнгисийн зүүн хэсэг, Эгейн тэнгис, Бага Ази орсон байна. МЭӨ 306 онд тэрбээр эзэнт гүрний хаанаар өргөмжлөгдөв. МЭӨ 302 онд Антигоны хамгаалалт доорх Грекүүдэд энх тайвныг тогтоохоор өөрийн хүүгийнхээ хамт Пан-Эллиний холбоог (Спарт, Мессен, Фессалиас бусад бүх Эллиний улсуудаас бүрэлдэх) сэргээсэн байна. Тэрээр Македоныг оролцуулан Александрын үхлээс өмнөх эзэнт гүрэнг сэргээхийг мөрөөддөг байсан бөгөөд Ипсусын тулалдаанд (МЭӨ 301 он) ялагдан нас баржээ.