Internet Protocol

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Internet Protocol (товчоор IP) буюу Интернэт протокол нь компьютерийн сүлжээгээр пакет дамжуулахад гол үүргийг гүйцэтгэдэг протокол юм. Замчлах буюу рүүтинг хийдгээрээ сүлжээ хоорондын холбоог бий болгож, Интернэтийн үндсэн протокол болж өгдөг.

Internet Protocol нь пакет буюу мэдээллийн зурвасын датаграмыг (тус пакетийн толгой хэсэгт байх хаягийг ашиглаж) илгээгч хостоос хүлээн авагч хост руу явууддаг. Тус протокол нь энэхүү пакетийн бүтцийг тодорхойлж өгдөг. Пакет нь дамжуулах гэж буй өгөгдлийн хэсэг, толгой хэсгээс тогтдог бөгөөд толгойн хэсгийн хамгийн чухал талбаруудын нэг нь хаяглалтын хэсгүүд юм. Иймээс IP нь хаяглах схемийг тодорхойлно.

1974 онд Винт Серф, Боб Кан нарын танилцуулсан Transmission Control Program-д холболтгүй датаграм дамжуулах үүргийг IP гүйцэтгэж өгч байсан ба програмын нөгөө хэсгийг Transmission Control Protocol буюу TCP гүйцэтгэж байжээ. Иймээс Интернэт протоколын багцыг TCP/IP хэмээн нэрлэдэг.

Internet Protocol-ийн анхны хувилбар болох Internet Protocol Version 4 (IPv4) нь Интернэтийн голлох протокол. Түүний дараагийн хувилбар болох Internet Protocol Version 6 (IPv6) нь хэрэглээнд нэвтэрч байгаа.

Гүйцэтгэх үүрэг[засварлах]

Internet Protocol нь сүлжээнд холбогдсон төхөөрөмж буй хостуудыг хаяглах, тэдгээрийн хооронд датаграм буюу пакетуудыг замчлах хоёр үндсэн үүрэгтэй.

Датаграмыг үүсгэх[засварлах]

Датаграм бүр нь хоёр хэсгээс тогтдог: толгой (header) ба өгөгдлийн хэсэг (payload). Толгой хэсэг нь илгээгчийн IP хаяг, хүлээн авагчийн IP хаяг гэх мэт зүйлсээс тогтох ба өгөгдлийн хэсэг нь дамжуулах гэж буй мэдээллийг агуулна. Энэ ёсоор өгөгдийг багцлаж толгой хэсгийг нэмэх процессийг encapsulation гэнэ.

IP хаяглалт ба рүүтинг[засварлах]

Гол өгүүлэл: IP хаяг

IP-гийн тодорхойлж өгдөг хаяглалтын схемийн дагуу хост бүрд IP хаяг оноож өгч, сүлжээг дэд сүлжээ буюу сабнэтүүдэд хуваадаг. Сүлжээнд холбогдсон төхөөрөмж бүр нь замчлах үүргийг гүйцэтгэдэг ч ингэх зориулалттай төхөөрөмжийг рүүтэр гэх ба эдгээр нь дэд сүлжээнүүдийг хооронд нь холбож өгдөг.

Гадны холбоос[засварлах]