АНУ-ын Нууц алба
АНУ-ын Нууц алба (англи. United States Secret Service, USSS) —АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны (англи. Department of Homeland Security; товчлол. DHS) бүтцэд ордог АНУ-ын Холбооны тусгай албаны агентлаг юм. Тус байгууллагын үндсэн үүрэг нь АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, тэдний гэр бүлийн гишүүдийн амь нас, оршин суугаа газрынх нь аюулгүй байдлыг хамгаалах бөгөөд хуурамч мөнгө, үнэт цаас үйлдэхтэй тэмцэх явдал юм.
Үндсэн үүрэг
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын нууц албаны гол үүрэг бол Америкийн мөнгө, өрийн үүрэг болон бусад үнэт цаасны баримт бичгийг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх, мөн АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэдний ойрын хамаатан бусад өндөр албан тушаалтнууд, ерөнхийлөгч асан болон тэдний ойрын эхнэр, нөхөр бөгөөд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид, АНУ-д айлчилж буй гадаад улсын дээд хэмжээний төлөөлөгчдыг хамгаалах юм. Америкийн Нууц алба нь төрөл бүрийн санхүүгийн залилан, хувийн мэдээллийг хулгайлах, бусад кибер гэмт хэргийг мөрдөн шалгаж, бусад гэмт хэргийг мөрдөн шалгахад тусалдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]АНУ-д хуурамчаар мөнгө үйлдэгчид ихэссэний улмаас санхүүгийн хямрал үүсч болзошгүй тул АНУ-ын нууц албыг байгуулах санааг анх 1865 оны 4-р сарын 14-ний өдөр Сангийн яамны сайд Хью МакКаллоч АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольнд хэлжээ. Тэдэнтэй тэмцэх гол арга зам болгон тэрээр хуурамч мөнгийг гүйлгээнээс гаргаж, энэ мөнгийг үйлдвэрлэдэг хүмүүсийг барих тусгай бүтэц бий болгохыг санал болгов. Ерөнхийлөгч сайдын үгийг сонсоод Сангийн яаманд гэдэг ийм бүтэц бий болгохыг үүрэг болгосон. Тэр орой ерөнхийлөгч Линкольныг Вашингтон дахь Фордын театрт жүжигчин Жон Вилкс Бут буудан хөнөөсөн юм.
Гэвч Ерөнхийлөгч Линкольн алагдсан ч АНУ-ын ерөнхийлөгчдийг хамгаалах тусгай алба байгуулагдаагүй. Сүүлд 1901 онд Ерөнхийлөгч МакКинли алагдсаны дараа л Конгрессын гишүүд АНУ-ын Ерөнхийлөгчийг хамгаалах үүрэг хүлээх саналыг Нууц албанд (тэр үед холбооны цорын ганц тагнуулын алба байсан) тавьжээ.
Албан ёсоор төрийн дээд албан тушаалтныг хамгаалах нь 1902 онд ерөнхийлөгчийг хамгаалах тусгай нууц албаны 2 төлөөлөгч томилогдон, Нууц албаны чиг үүрэг болсон байна.
Байгуулагдсан цагаасаа (албан ёсоор - 1865 оны 7-р сарын 5) 1930-аад оны эхэн үе хүртэл АНУ-ын Нууц алба нь бараг цорын ганц холбооны тагнуулын алба байв. Тиймээс АНУ болон гадаадад ямар нэгэн асуудал гармагц тэд АНУ-ын нууц албанд ханддаг айсан ажээ. Нууц албаны шууд оролцоотойгоор орчин үеийн олон байгууллага бий болсон. Жишээлбэл, 1908 онд Теодор Рузвельт хэд хэдэн Нууц албаны тусгай ажилтнуудыг Хууль зүйн яаманд шилжүүлэхийг тушаасан бөгөөд энэ бүлэг агентууд хожим АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (англи. Federal Bureau of Investigation — FBI) нэртэй болж байгуулагдсан байна. 1915 онд Ерөнхийлөгч Вудро Вилсон АНУ-ын Нууц албанд тагнуулын бүх хэргийг мөрдөн шалгах ажлыг үүрэг болгож, улмаар Стратегийн албуудыг бий болгосон бөгөөд энэ сүүлдээ 1940-өөд онд АНУ-ын Тагнуулын төв газар (англи. Central Intelligence Agency — CIA ) байгуулахад хүргэсэн байна.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын нууц албанд 2100 тусгай агент, 1200 цагдаа, 1700 техникийн болон захиргааны ажилтан гэсэн 5000 орчим хүн ажилладаг. Тусгай агентууд албан тушаалтнуудын бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг эсвэл санхүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаадаг байна.
1970 онд батлагдсан 91-217 дугаар хуульд Нууц алба нь дараахь аюулгүй байдлыг хангана гэж заасан байдаг. Үүнд:
- Цагаан ордны цогцолбор, Төрийн сангийн үндсэн байр болон АНУ-ын ерөнхийлөгчийн үйлчилгээ эсвэл түүний оршин суух газар байрладаг бусад барилгууд;
- Вашингтон дахь АНУ-ын дэд ерөнхийлөгчийн оршин суух газар;
- Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд;
- дэд ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд;
- Вашингтон болон бусад хотууд дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд;
- Сонгуулийн кампанит ажлын үеэр Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн болон дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид.
Нууц албаны цагдаагийн нэгж 1922 онд Цагаан ордны цагдаагийн хүчин (англи. White House Police Force); 1930 онд Нууц албаны даргын шууд удирдлагад орсон. 1971 онд Гүйцэтгэх засаглалын хамгаалатын алба (англи. Executive Protective Service) нэртэй болсон. 1979 онд Нууц албаны тусгай нэгж (англи. United States Secret Service Uniformed Division) болсон. Цагдаагийн нэгжийн үүрэг бол Цагаан ордон болон Вашингтон хот дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газруудыг бие махбодийн хамгаалалтад авах явдал юм. Нэгжийн ажилтнууд цагдаагийн дүрэмт хувцастай үйлчилдэг; Үүгээрээ тэд Вашингтоны төв хэсэгт дэг журмыг сахиулдаг АНУ-ын Капитолын цагдаатай төстэй юм.
1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди алагдсаны дараа АНУ-ын Конгресс Бүгд найрамдах нам, Ардчилсан намаас ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах хууль гаргасан (90-331-р хууль). Конгрессын гаргасан хуулинд ерөнхийлөгчийн бэлэвсэн эхнэр (насан туршдаа эсвэл дахин гэрлэх хүртлээ) болон тэдний хүүхдүүдийг 16 нас хүртлээ хамгаалахыг тусгасан байна.
1994 онд Конгресс 1997 оны 1-р сарын 1-нээс хойш сонгогдсон бүх ерөнхийлөгч нарыг АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш 10 жилийн хугацаанд Нууц албаны хамгаалалтад байлгах хуулийн төслийг баталсан. 1997 оны 1-р сарын 1-нээс өмнө ерөнхийлөгч болсон ерөнхийлөгч нар насан туршдаа хамгаалалт авдаг (1995 оны Төсвийн тухай хууль: 103-329-р хууль). 2013 онд хуулинд өөрчлөлт оруулж ерөнхийлөгч байсан хүмүүсийг насан туршийн хамгаалалт авах болсон байна.
Нууц албаны үр ашгийг дээшлүүлэхийн тулд 2003 оны 3-р сарын 1-нд тус Нууц албыг АНУ-ын Сангийн яамнаас Дотоодын аюулгүй байдлын яамны мэдэлд шилжүүлсэн байна.
Нууц албаны бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Хуулийн зөвлөлгөө өгөх ерөнхий газар
- Шударга ёс ба ажилчдыг дэмжих үйлчилгээний алба
- Шударга байдлын алба
- Санхүү хариуцсан захирлын алба
- Мэдээллийн технологийн захирлын алба
- Боловсон хүчний алба
- Стратегийн төлөвлөлт, бодлогын газар
- Засгийн газар хоорондын болон хууль тогтоох асуудал эрхэлсэн газар
- Мөрдөн байцаах алба
- Мэргэжлийн хариуцлагын газар
- Аюулгүй байдлын үйл ажиллагааны алба
- Стратегийн тагнуул, мэдээллийн алба
- Техникийн хөгжил, эрхэм зорилгыг дэмжих алба
- Сургалт, бэлтгэлийн газар
1979 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын нууц албаны довтолгооны эсрэг багийг (англи. Secret Service Counter Assault Team) байгуулжээ.