Jump to content

Авьяас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Авьяас бол уран бүтээлчийн үйл ажиллагаанд илэрдэг аливаа зүйлийг хүлээж авах, нийгмийн чухал, хурц асуудалд зоригтой хандах, амьдралын үзэгдэл, үйл ялдал, баримтыг тусгах, мэдрэх, сэтгэх, бодох, илэрхийлэх өвөрмөц чанар, чадваруудын нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, хүний хурц сэргэлэн, ажигч чанар, идэвхтэй бөгөөд зоримог уран санал, гүн гүнзгий уужим саруул ой ухаан, уян хатан бодол сэтгэлгээ, сэтгэлийн төрөлх мэдрэмтгий чадварыг авьяас гэж хэлдэг. Гэхдээ авьяас гэдэг нь зөвхөн дуу бүжиг урлагаар илрэхгүй. Авьяасын урьдач нөхцөл нь байгалиас заяасан ер бусын чадвар буюу сэтгэн бодох мэдрэлийн үйл ажиллагаа, нэг дэх болон хоёр дахь дохионы системийн харилцан нөлөөллийн хөгжил, мэдрэлийн үйл ажиллагааны хөдөлгөөн, харилцан шилжилт, ой тогтоох, тунгаан бодох, хурдан шуурхай тусгах чадварын өсөлт байдаг. Энэхүү урьдач нөхцөлийг хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэх явдал нийгмийн нөхцөл байдал, хувь хүний амьдралын зорилго, онцлогоос шууд шалтгаалдаг. Авьяасыг хөгжүүлэх, боловсронгуй болгох гол үндэс бол тааламжтай нөхцөлөөс гадна уран бүтээлчийн уйгагүй хөдөлмөр, хүн төрөлхтний эрх ашгийн төлөө гэсэн хүсэл эрмэлзэл, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварыг дээшлүүлэх хичээл зүтгэл байдаг. Авьяасын шалгуур нь шилдэг бүтээл туурвих, оюуны үнэт зүйл бүтээх явдал мөн. Авьяасын түвшин, хэм хэмжээ нь утга зохиол, сэтгүүл зүйн хөгжлийн түвшин, түүний хөгжлийн хандлага, өөрчлөлтийг тодорхойлдог онцлогтой. Төрөлх авьяас нь бичиг зохиолын алдартныг төрүүлдэг бөгөөд тэрхүү авьяас хөдөлмөр зүтгэлийн үрээр төлжин төгөлдөрждөг. Авьяас билгийн үндэс нь “зөн билиг” (интуиция) болно. Онолч Дандин “Зохист аялгууны толь” хэмээх алдарт бүтээлд авьяасын тухай “Төрөлхийн ухаан, мохошгүй хичээл зүтгэл, тээнэгэлзэлгүй үлэмж их мэдлэг нь хотол төгссөн зохист аялгууны учир шалтгаан болно” (21. I. 101-103-р зүйл) гэж тайлбарлажээ. Энэ нь эдүгээ ч онолчдын номлодог шилдэг бүтээлийг бий болгодог гурван гол учир шалтгаан болсон төрөлхийн авьяас мэдлэг, уйгагүй хичээл оролдлого буюу уран бүтээлчийн хөдөлмөрийг хэлсэн хэрэг юм. Авьяас зохист аялгуучтай хамт төрж, бас үгүй болно. Сонирхлоор авьяасыг бий болгож болохгүй. Харин авьяас багатай ч төрөлхийн их ухаанаа ашиглан уйгагүй хөдөлмөр хичээл оролдлогоор зохист аялгууг бүтээх бололцоо байдаг.