Агаарын бохирдол

Агаарын бохирдол
Яндангаас хортой утаа тархах зам
Агаарын бохирдлоос шалтгаалж агаарт нитроген хүчлийн хуримтлал 2002-2004 онд хиймэл дагуулаас хийсэн ажиглалт

Агаарын бохирдол гэж хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна. Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал юм. Агаарыг бохирдуулагч элдэв төрлийн хий, хатуу хольцууд хүний үйл ажиллагаа (Үйлдвэр түлшний шаталт гэх мэт)-наас үүсэхээс гадна байгалийн замаар үүснэ (Галт уулын дэлбэрэлтээс асар их хэмжээний үнс шороо тоос цацагдана) Агаар дахь хий байнгын эргэлтэд оршиж, үүнд нь ургамал амьтан, ус хөрс, хүний үйл ажиллагаа бүгд оролцоно. Эдгээр замаар агаарт шууд ялгаран орох бохирдуулагчийг анхдагч гэнэ. Анхдагч бохирдуулагчид хоорондоо болон бусад хийтэй урвалд орсноор шинэ бодис үүсгэнэ. Үүнийг хоёрдогч бохирдуулагч гэж ялгадаг. Агаар дахь хорт хий ихсэх нь хүний эрүүл мэндэд дам төдийгүй шууд нөлөөлдөг явдал цөөнгүй. Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг. Харин Монгол улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийг агаарыг бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна.

  • Хий [SO2,NO,NO2,CO гэх мэт]
  • Шингэн [аэрозоль-шингэний жижиг дусал]
  • Хатуу [тоос]

Агаар бохирдуулагч түгээмэл бодисууд[засварлах | кодоор засварлах]

•Хүхэрлэг хий [SO2] •Өнгөгүй,өвөрмөц хурц үнэртэй, цочромтгой хий бөгөөд нүүрсний шаталт, тээврийн хэрэгслийн хаягдал утаанаас ихэвчлэн үүсдэг. •Азотын ислүүд [NO,NO2] •Шар-хүрэн өнгөтэй, өвөрмөц хурц үнэртэй бөгөөд автотээврийн хэрэгсэл, дизель түлшний шаталт, нүүрсний шаталт, химийн үйлдвэр зэргээс үүсдэг. •Тоосонцор [PM2.5,PM10] •Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. Диаметр нь 2,5 микроноос бага хэмжээтэй тоосыг нарийн ширхэглэгт тоосонцор, диаметр нь 2,5-10 микрон хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор гэнэ. Нүүрс болон тээврийн хэрэгслийн түлшний шаталт, шатаах үйлдвэр, хучилтгүй зам талбай, сул хөрс шороо зэргээс үүсдэг. •Нүүрстөрөгчийн дутуу исэл [CO] •Өнгөгүй хий бөгөөд нүүрс болон тээврийн хэрэгслийн түлшний дутуу шаталт, төмөрлөгийн үйлдвэр, шатаах үйлдвэр, машины засвар үйлчилгээний цэг зэргээс ихэвчлэн үүсдэг.

Хүхрийн давхар исэл[засварлах | кодоор засварлах]

Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/ дутуу шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүхрийн давхар исэл нэмэгдсэн нь жил бүр 1200 сая хүнд нөлөөлж байна. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг ба өртсөн хүнд шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.

Хүхрийн давхар ислийн агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хүхрийн давхар ислийн сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог байна.

Азотын давхар исэл[засварлах | кодоор засварлах]

Азотын давхар исэл нь авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг. Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Иймд азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Дулаарал[засварлах | кодоор засварлах]

ХХ зууны уур амьсгалын дулаарлын нэг үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Аж үйлдвэрийн хувьсгалаас (1750 оноос эхлэн тоолно) хойш агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 31%-иар, намгийн хийн агууламж 151%-иар, азотын дутуу ислийн агууламж 16%-иар өсөж, 1930-аад он хүртэл байгалийн нөхцөлд байгаагүй фреоны төрлийн хийнүүд гарч ирснээс дэлхийн уур амьсгалын дулаарал болж байна. Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь ой мод огтолсон, газрын хөрс хагалсан, далайн усыг бохирдуулах зэргээс нүүрстөрөгчийн байгалийн эргэлтийн тэнцвэрийг алдагдуулж байгаатай ч бас холбоотой.

Озоны давхарга[засварлах | кодоор засварлах]

Агаар мандлын дээд давхарга буюу дэлхийн гадаргаас 20-50 км өндөрт байрлах 3-5 орчим мм зузаантай нэг үе давхарга дахь хийн найрлагад хүчилтөрөгчийн гурван атом агуулсан тунгалаг хий хамгийн их хэмжээтэй байх учраас “озоны давхарга” хэмээн нэрлэдэг. Озоны давхарга нь дэлхий ертөнцөд оршин байгаа байгалийн бүхий л амьд бодгаль, ус, ургамал, экосистем, түүний бүрэлдэхүүн, шим мандлыг нарны хамгийн богино долгионтой, хүн амьд биест хортой туяаг дэлхийн гадарга руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг. Гэтэл, хүний нийгмийн хөгжил дэвшлийн үр дүнд олон төрлийн химийн бодисыг үйлдвэрлэл, ахуй амьдралд хэрэглэн “хүлэмжийн хий”-г агаарт дэгдээх замаар озоны давхаргыг нимгэрүүлэн сиймхий цоорхой үүсгэхэд нөлөөлж буй үзэгдэл нь ХХ зууны уур амьсгалын дулаарлын хамгийн гол үндсэн шалтгаан гэдгийг эрдэмтэд нотолж, тандан судалгаа явуулж байна. Хүлэмжийн хий нарны богино долгионт цацрагийг өөртөө бараг шингээхгүй дэлхийн гадарга руу шууд нэвтрүүлдэг боловч, дэлхийгээс туяарах дулаан цацралыг шингээн авч дэлхийн гадарга руу буцааж ойлгон үүгээрээ газар орчмын агаарын үе давхаргад нэмэлт дулааралт үүсгэдэг. Дэлхийн озоны давхаргын хэмжээ дунджаар 300ДН байгаа боловч, Антрактидын өмнөд туйл дээр үүссэн озоны цоорхой 2000 оноос хойш жилээс жил тутам ихсэж, БНХАУ-ын газар нутгаас 3 дахин том буюу 28.3 сая ам дөрвөлжин км хэмжээтэй болсныг хиймэл дагуулаас ажиглаж байна. Харин Монгол Улсын газар нутгийн дээрхи агаар мандлын озоны дундаж агууламж 320-360 ДН хэмжээтэй байна гэж тогтоосон. Антрактид дээр озоны цоорхой үүссэний дараа улс орнууд хуралдаж, Озоны давхаргыг хамгаалах тухай “Венийн Конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын хэрэглээг хязгаарлах тухай “Монреалийн Протокол”–д улс орнуудыг нэгдэх тухай хэлэлцэв. Энэхүү конвенц болон протоколд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, 1999 оноос Озоны давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж, олон улсын конвенц, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч байгаа болно. Дэлхий нийтэд өнөөдөр хлортфторт нүүрстөрөгч (CFC) буюу фреоны үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортыг зогсоож, гидрохлорт нүүрстөрөгч (HCFC)-өөр орлуулж байна. Фреоны озон задлах чадвар 1.0 нэгж буюу хамгийн өндөр байдаг учраас озон задлах чадвараар түүнээс хамаагүй бага буюу 0.055 нэгж чадвартай бодис гидрохлорт нүүрстөрөгчөөр орлуулан хэрэглэх замаар озон хомсдлыг багасгах арга юм.

Дэлхийн улс орон бүхэн хэрхэн агаараа цэвэр байлгахын тулд элдэв аргыг бодож сэдэцгээж байна. Жишээ нь: усан хөдөлгүүртэй машин, утаагүй зуух, утаагүй түлш, гэр хорооллыг багасгах, дугуй унах, гэх мэт.

Дэлхийн агаарыг бохирдуулагч орнууд[засварлах | кодоор засварлах]

  • 2008 онд дэлхийн агаарыг бохирдуулагч гол 5 улс: БНХАУ 23%, АНУ 19%, Европын холбоо 13%, Энэтхэг 6%, ОХУ 6%[1]
  • 2013 онд дэлхийн агаарыг бохирдуулагч гол улсууд: БНХАУ 28%, АНУ 14%, Европын холбоо 10%, Энэтхэг 6.5%[2]

Энд АНУ ба Европын бохирдол бодитойгоор багасаагүй харин БНХАУ-ын ихэссэн тооцооллыг тооцоход бусад улсуудынх багассан болж харагдаж байна бодитойгоор бусад улсуудын бохирдол мөн өссөн болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Агаарын бохирдол – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Агаарын бохирдол – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]