Jump to content

Агуулга ба хэлбэрийн нэгдэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Агуулга хэлбэрийн нэгдэл ( Единство содержания и формы. Contents and form compound). Агуулгагүй хэлбэр, хэлбэргүй агуулга орших боломжгүй гэдгийг шинжлэх ухаан онолын хувьд, нийгмийн амьдрал туршлагын үүднээс баталсан байдаг. Тийм учраас сэтгүүл зүйн онолд нийтлэл, нэвтрүүлгийн аливаа төрөл агуулга хэлбэрийн нэгдэл төдийгүй сэтгүүлчийн ур чадварын шалгуур гэж үздэг.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд

[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлч сонгож авсан сэдвийн хүрээнд агуулгыг илэрхийлэхийн тулд ямар нэгэн хэлбэрийг урлан бүтээсний үндсэн дээр нийтлэл, эсвэл нэвтрүүлэг төрдөг. Ийм бүтээл агуулга хэлбэрийн үл салах нэгдлийн үр дүн болдог онцлогтой. Агуулга, хэлбэр салшгүй нэгдмэл бөгөөд агуулга нь хэлбэрийн хувьд гол зүйл боловч хэлбэрийг идэвхгүйд тооцож бас болохгүй. Хэлбэр нь агуулгынхаа хөгжлийг түргэсгэх буюу удаашруулах замаар идэвхтэй нөлөөлнө. Агуулга хэлбэртэйгээ, хэлбэр агуулгатайгаа зөрчилдөх явдал ч гарна. Ийм тохиолддолд хэлбэрийг хаяж, агуулгыг голлох шаардлагатай.

Агуулга ихэнх тохиолдолд хэлбэрээс түрүүлж хөгжих зүй тогтолтой. Бүрэн төгс агуулгатай сайн нийтлэл бичихийн хөрс суурь нь баримтыг (амьдралыг) нарийн тодорхой судлах явдал юм. Хэлбэрийг хэт шохоорхсоноос агуулга нь орхигдож болохын дээр бас агуулгыг голлоод тохирох хэлбэрийг олоогүйгээс үлбэгэр нийтлэл гардаг. Энэ бол ур чадвар мөхсийн илрэл юм.

Нөлөөлөх хүчин зүйлс

[засварлах | кодоор засварлах]

Агуулга, хэлбэрт нөлөөлөх өөр олон хүчин зүйл бий. Энэ нь:

  • Амьдрал, баримт, тэдгээрийн түгээмэл тодорхой илрэлүүд.
  • Зохиогчийн үзэл бодол, авьяас билэг, бичих өвөрмөц онцлог, эрдэм мэдлэг, туршлага.
  • Хэвлэлийн (Хэвлэл мэдээллийн хэрэгслийн) чиглэл, хандлага
  • Уншигчийн эрэлт хэрэгцээ, нийтлэл дэх уран сайхны байгууламж зэрэг нь шууд нөлөөлөгч хүчин зүйл болдог.

Уран сайхны байгууламж

[засварлах | кодоор засварлах]

Нийтлэлийн агуулга, хэлбэрийн нэгдлийг хангахад анхаарах нэг гол зүйл бол уг нийтлэлийн уран сайхны байгууламж юм. Томоохон хэмжээний нийтлэл нь өөрийн эхлэл, зангилаа, өрнөлт, туйл, төгсгөлтэй байна. Нийтлэлийг "яаж эхлэх вэ" гэдэг том урлаг юм. Оновчтой зөв эхлэл уншигчийг шууд хөтөлдөг. Ингэж хөтөлж эс чадвал уул нийтлэлийг цааш уншихгүй. Нийтлэлийн байгууламжийн гол ноён нуруу болж буй баримтыг амьдрал дундаас сонгож олох, заримыг нь орхиж гээх, товчлон цомхотгох, хэсэглэн бүлэглэх, дэс дарааллыг нь олж тунг нь тааруулах, харилцан шүтэлцээг нь тогтооход их анхаарах ёстой. Ингэхийн тулд баримтыг төстэйгээр нь бүлэглэх, харьцуулан жишиж үзэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тодотгох, загварчлах аргыг чадмаг хэрэглэж сурах шаардлагатай юм. Энэ бүхнээс үзэхэд сэтгүүлчийн ур чадвар гэдэг нь уйгагүй хөдөлмөр, нарийн чимхлүүр ажлын үр дүн юм.