Адууны насны нэршил
Монголчууд мал аж ахуйг эртнээс эрхлэн ирсэн тул Монгол хэл нь мал аж ахуйн нэршилээр өргөн баялаг билээ. Адууг Монголчууд нас хүйсээр нь дараах байдлаар ерөнхийлөн нэрлэдэг бөгөөд үүнээс ч илүү нарийн нэршилүүд бий.
Адууны насыг шүдээр тогтоодог. Үүнд:
Унага эхээс төрөхдөө ихэнхдээ шүдгүй байдаг. Унаганы голын 2 үүдэн шүд эхний долоо хоногт, дараах хос үүдэн шүд 15 - 45 хоногт, дунд ба захын үүдэн шүднүүд 5-9 сартайд ургана. Мөн энэ хугацаанд нялхын солигдох 3 хос араа ургана. Унага 9 сартайдаа бүх нялахын үүдэн шүд ургаж гүйцсэн үүдэн шүд 12, соёо- 4, араа-12, бүгд 28 шүдтэй болсон байна. Өсвөр адуу 2 настай болтлоо нялхын шүдтэйгээ байна.
- Хоёр настай адууны эрийг шүдлэн үрээ, охиныг шүдлэн байдас гэнэ. 2,5 настайд доод ба дээд, голын нялахын шүд байнгын шүдээр солигдож 3 настайдаа ургаж гүйцнэ.
- Гурван настай адууны эрийг хязаалан үрээ, охиныг хязаалан байдас гэнэ. 3,5 настайд нялахын хажуугийн үүдэн шүднүүд ясан шүдээр солигдож 4 настайд ургаж гүйцэнэ.
- Дөрвөн настай адууны эрийг соёолон үрээ, охиныг соёолон байдас гэнэ. 4,5 настайд нялахын захын үүдэн шүднүүд ясан шүдээр солигдож 5 настайд ургаж гүйцэнэ.
- Таван насанд адууны бүх үүдэн шүдний цөгц элэгдээгүй байх үеийг бүрэн шүдтэй эрийг нь морь, эмийг нь гүү гэж нэрлэнэ.
- Зургаан насанд доод эрүүний голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дор дөрвөн зах шүдтэй морь, гүү гэнэ.
- Долоон насанд доод эрүүний хажуугийн 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дор зах шүдтэй морь, гүү гэнэ.
- Найман насанд доод эрүүний захын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр бүрэн шүдтэй морь, гүү гэнэ.
- Есөн насанд дээд эрүүний голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр дөрвөн зах шүдтэй морь, гүү гэнэ.
- Арван насанд дээд эрүүний хажуугийн 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр зах шүдтэй морь, гүү гэнэ.
- Арван нэгэн насанд дээд эрүүний захын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр ясан шүдтэй морь, гүү гэнэ.
Цаашид адууны шүдний дээд гадаргуугийн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөнө.10-12 настайд шүдний дээд гадаргуугийн хэлбэр хөндлөн зууван, 13-15 насанд бөөрөнхий, 16-20 насанд гурвалжин, 20 ба дээш насанд босоо зууван хэлбэртэй болно. Яс сайтай адуу ясан шүдтэйгээ олон жил амьдрах ба 30 нас хүрсэн тохиолдол байдаг.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Үндэстний цахим нэвтэрхий толь fsdf jof hfdc