Айзам (хамтлаг)

Айзам хамтлаг
Монгол нэр«Айзам»
Латин галигAizam
Бүрдсэн газарМонголын Улаанбаатар
Дуулдаг хэлмонгол хэл
Урсгалрок, алтернатив
Танил үе1977 он – 1989
Орхисон гишүүнЦ.Энхманлай

Айзам хамтлаг 1977 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн харъяа Үйлдвэрчний Төв Зөвлөлийн Соёлын ордны дэргэд байгуулагдсан байна. Анхны хамтлагийн ахлагч нь Т.Нямдорж, гишүүд нь Ц.Энхманлай, Д.Ганболд нар юм. Бүгд гоцлол гитарчид байсан бөгөөд тоглох хөгжмийн зэмсгээ шодоод Т.Нямдорж соло гитар, Ц.Энхманлай бөмбөр, Д.Ганболд аргил гитараар тоглож анхны концертоо хийсэн билээ.

Төд удалгүй Ц.Энхманлай цэрэгт татагдаж, цаашид "Ногоон Гэрэл" хамтлагт тоглож байгаад дараа нь Харанга хамтлагаа байгуулсан байна. Дараа нь Айзам хамтлагийг Д.Ганболд-басс гитарчин ахалж, Ц.Зандраа-бөмбөрчин, Н.Ганбаатар(смоки-Ганбаа)-гоцлол гитар, МУУГЗ Б.Наранбаатар-даралтат хөгжим, Машлай, Саранчимэг дуучидтай 1979 онд анхны бие даасан концерт тавьсан.

Тус хамтлагаар Монголын олон рок попын дуучид, хөгжимчид дамжсан ба үүний дотор МУСГЗ И.Болоож, МУГЖ С.Бархас, дуучин асан Нансанжав, органист М.Батболд, хуурч Болд, аргил гитарчин З.Мөнхбат, Ч.Тамир, дуучин Очирбалын Энхболд, Ц.Батсайхан бөмбөрчин М.Баяр зэрэг алдартай уран бүтээлчид орно.

Мөн дараагийн залуу үе болох "Айзам- 2" хамтлаг байгуулагдаж С.Гантөр, О.Хүрэлбаатар, Э.Мөнхбаяр зэрэг авъаслаг залуучууд төрөн гарч ирсэн.

1980-1991 он хүртэл хооронд Айзам хамтлагийн хамгийн оргил уран бүтээлийн үе ба энэ онуудад Айзам хамтлаг Бүх ард түмний урлагийн наадам болон ажилчны урлагийн наадмуудаас алтан медаль, Эстрад-88 уралдааны тэргүүн байр, оны шилдэг хамтлаг зэрэг уран бүтээлийн арвин шагналуудыг хүртсэн билээ. Айзам хамтлагийн "Итгэл", "Дурсамж", "Чи минь", "Хавар", "Чамдаа зориулая", "Амрагхан Агиймаа", "Сумын наадам", "Твист бүгдээрээ бүжиглэцгээе", "Хайрын дууг минь сонсооч", "Нутгийн цагаан шөнө" зэрэг олон олон дуунууд одоог хүртэл дуулагдсаар цагийн шалгуурыг давжээ.

2014 онд анхны гишүүд болох Т.Нямдорж, Д. Ганболд нар Айзам хамтлагаа албан ёсоор Баянгол дүүргийн татварын хэлтэст "Айзам хамтлаг энтертаймент " ХХК -г бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 онд Айзам хамтлагийн анхны ахлагч Т.Нямдорж Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн болсон.