Айрагийн гозгорын булш
Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын өвөрмөц дурсгал. Сяньбийн булштай адилтган үздэг. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газраас илэрсэн эртний булш оршуулгын дурсгалт газар юм. Энэ дурсгалыг анх 2008 онд илрүүлсэн бөгөөд 2014-2016 оны хооронд Монголын Үндэсний музейн судлаачид малтлага судалгааны ажил хийжээ. Нийт 97 булш байгаагаас дийлэнх нь дөрвөлжин хэлбэрийн өндөр чулуун өрлөг бүхий том булшнууд бөгөөд ийм булшнууд нь өмнө талдаа урт гонзгой үүдэвчтэй байна. Том булшнуудын ойр орчимд цагариг хэлбэрийн чулуун дараас бүхий жижиг булшнууд цөөнгүй тоотой бий. Малтлага хийсэн булшнууд нь оршуулгын хэсгийг нууцлан хөмөглөж ухсан нүхтэй байснаар онцлог юм. Энэ нь нүхний аль нэг ханыг дотогш хөндийлөн хөмөглөж хөндий зай гаргаад түүнд оршуулгын хэсгийг бүхэлд нь оруулж нууцласан хэрэг болно. Ерөнхийдөө тонуулчдаас хамгаалах зорилготой зүйл боловч ийм хэлбэр нь тодорхой цаг үе, угсаатны оршуулгын зан үйл болтол хэлбэршин тогтсон байх нь бий. Судалгаа хийсэн булшнуудын нүх 2-6 метр гүнтэй бөгөөд голчлон өмнө талдаа үүдэвчтэй байжээ. Хөндийлөн ухсан хөмөг дотроос ихэвчлэн модон авсанд хийсэн оршуулга илэрсэн ба зарим булшинд 2-3 ширхэг модон авсыг хамт тавьсан тохиолдол ч бий. Малтан судласан булшууд эрт цагт тоногдож, оршуулгын зан үйлийг тодруулахад хүндрэлтэй байсан ч нас барсан хүнийг тэнэгэр байдлаар, гэдрэг харуулан, толгойгоор нь голдуу баруун, баруун хойт зүгт хандуулан тавьсныг төсөөлж болохоор байжээ. Айрагийн гозгорын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан байдаг. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ. Мөн зарим булшны авсыг үйлдэхдээ ёроол хийлгүй, дөрвөн банз зангидаад, нас барсан хүнийхээ доор цайвар шаргал шороог тусгайлан дэлдэж дэвссэн байв. Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй ажээ. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумын төмөр зэв, хазаарын амгай зэрэг нь Хүннүгийн олдворуудаас онцын ялгагдах зүйлгүй байна. Айрагийн гозгорт малтан судалсан булшны оршуулгын байгууламж, зан үйл, гарсан олдвор хэрэглэгдэхүүн, хүний ясанд хийгдсэн судалгааны үр дүнг үзвэл Өвөр Монголын нутагт малтан шинжилсэн Сяньби нарын оршуулгатай төстэй байдал ажиглагддаг. Гэхдээ энэ нь одоогоор таамаг төдий бөгөөд цаашид лабораторийн нарийвчилсан судалгаа, байгалийн ухааны шинжилгээний үр дүн шаардлагатай юм.