Алаг сүлд
Монгол төрийн бэлгэдэл Алаг сүлдийг энхжин ба цэргийн аль ч үед тахиж шүтнэ. Сүлдийн хөхлийг хар, цагаан адууны дэлээр алаглуулан хийдэг учраас “Алаг сүлд” хэмээн нэрлэж, Цагаан, Хар сүлдийн дунд залдаг уламжлалтай байв. “Монголын нууц товчоо”-д тэмдэглэснээр дайн тулааны манлайд явдаг Уруд, Мангуд аймаг бараан Алаг тугтай байжээ. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад Алаг сүлдийг төрийн бэлгэдэл болгожээ. Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэний үед зүүн гурван түмний нэг Цахар түмэн Алаг сүлдийг тахих, сахин хамгаалах үүргийг гүйцэтгэж байв. Лигдэн хааныг 1634 онд нас барсны дараа цахарууд Алаг сүлдийг Ордосын Хангин хошуунд залан авчирч, хошуу тамгын газраас эрхлэн Алаг сүлдийн тахилгыг хийдэг болжээ.
Алаг сүлдийн энгийн, дөрвөн цагийн, догшруулах хэмээх гурван зүйлийн тайлга байв. Өдөр бүр өглөө, үдэш сан тавьж, мөнх зул өргөхийг энгийн тайлга хэмээдэг бол дөрвөн улирлын тайлгыг жил бүрийн билгийн улирлын цагаан сарын шинийн 3, тавдугаар сарын 14, есдүгээр сарын 12, арван нэгдүгээр сарын шинийн 3-нд хошуу хотлоороо өргөн дэлгэр гүйцэтгэнэ. Алаг сүлдийг 13 жилд нэг удаа буюу барс жилд догшруулж тахих бөгөөд энэ үед сүлдний ишийг чулуун мэлхий сууринаас нь сугалан авч, дөрвөн хүн түшиж солгой хөлөөрөө тээж, ширээн дээр нүдэж, гөхлийг нь навсалзуулан хөдөлгөдөг байжээ. Догшруулах тахилгын төгсгөлд авд мордож, ангаараа сүлдэндээ тахил өргөдөг уламжлалтай байжээ. Алаг сүлдийг одоо ӨМӨЗО-ны Ордост тахиж байна.