Александр Бовин

Александр Евгеньевич Бовин (1930 оны 8-р сарын 9-нд Ленинград хотод төрсөн- 2004 оны 4-р сарын 29-нд Москва хотод нас барсан) -зөвлөлтийн болон оросын сэтгүүлч, нийтлэгч, улс төр судлаач бөгөөд дипломат. Философын ухааны доктор. 1970-1982 онд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежневын хэлэх үгийг бичдэг /спичрайтер/ хүн байсан.

Александр Бовин

1951 оноос ЗХУКН-ын гишүүн. (1991 оны 8-р сарын 19-нд ЗХУКН-аас гарах өргөдлөө өгсөн). ЗХУ-ын Төрийн шагналтан (1981).

Намтар[засварлах | кодоор засварлах]

А.Бовин 1930 оны 8-р сарын 9-нд Ленинград хотод цэргийн албан хаагчийн гэрт төржээ. Эцэг нь цэргийн хүн байсан тэднийхэн гэрээрээ томилолтоор нэг хотоос нөгөө хот руу байнга нүүдэг байжээ. 1936 он хүртэл Бовины гэр бүл Детское Село хотод амьдардаг байсан (1918-1937 онуудад Царское Село гэж нэрлэдэг байсан). Эцэг нь Цэргийн академи төгсөөд эхлээд Днепропетровскт алба хааж, дараа нь Алс Дорнод руу, 1941 оны сүүлээр Хабаровск руу, 1947 оны эхээр Горькийд шилжүүлэхэд гэрээрээ араас нь дагаж явдаг байжээ.

Александр 1948 онд Горький хотод дунд сургуулиа алтан медальтай төгсөх үед аав маань Дон дахь Ростов хотод байрладаг Хойд Кавказын цэргийн тойргийн штабт томилогдсон тул Александр Ростовын Улсын Их Сургуулийн хуулийн факультетэд элсэн орж, 1953 онд төгссөн байна. Их сургуулиа төгсөөд Краснодар хязгаарын Хадыженск хотод хэсэг хугацаанд Ардын шүүгчээр ажилласан байна.

1959 онд Москва хотын М.Ломоносовын нэрэмжит Их сургуулийн философын ангийн аспирантур төгсөөд "Коммунист" сэтгүүлийн редакцид эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажилсан байна. 1963-1972 онуудад ЗХУКН-ын олон улсын харилцааны 2-р хэлтэст дахь зөвлөхүүдийн хэсгийн ахлагч байжээ. Энэ үеэр түүнийг Юрий Андропов анзаарч ихэд ойр хамтран ажилласан байна. 1967 онд тэрээр "Коммунистууд ба социал-демократууд" сэдвээр диссертаци бичиж философын ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1972-1991 онуудад «Известия» сонины улс төрийн тоймч байсан. Тухайн үеийн телевизийн алдартай "Олон улсын тойм" /Международная панорама/ нэвтрүүлгийн хөтлөгч байсан. 1981-1986 онд ЗХУКН-ын Хяналт, шалгалтын төв комиссын гишүүнээр давхар ажиллаж байжээ.

1991 оны 11-р сарын 12-нд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртэж ЗХУ задрахад 7 хоног дутуу байхад Израилд Элчин сайдаар томилогдож ажиллаж байгаад 1997 оны 3-р сард тэтгэвэртээ суухаар болж ажлаа өгчээ.

1997 оны 9-р сараас 2000 он хүртэл дахин «Известия» сонины улс төрийн тоймчоор ажиллаж байжээ.

Тэрээр 2004 оны 4-р сарын 29-нд тархинд нь цус харваж нас баржээ.

Сонирхолтой явдал[засварлах | кодоор засварлах]

1980-аад оны эхээр Москва дахь Монголын ЭСЯ-ны хүлээн авалтад ирж бууз идэх дуртай байсан гэдэг.