Jump to content

Алтайн чацуулин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алтайн чацуулингийн бие 190 мм, сүүл 34 мм хүртэл урт. Бие бөмбөгөрдүү гонзгойвтор. Хүзүү богино, хоншоор урт, шонтгор. Газар малтахад зохицон хөл богиноссон, урд хөл илүү бахим, алга нь гадагш эргэсэн. Нүд анивчдаг зовхитой, үсэн дотроо бараг далдарсан. Чихний дэлбээ байхгүй. Зүс тод бүдэг, хүрэн бор толбо бүхий торгомсог гялтганасан бараавтар хүрэвтэр, тугалган хөх саарал. Тархац, байршил нутаг: Иртыш мөрнөөс зүүн тийш Баруун, Дунд Сибирь, Байгал нуурын баруун өмнөд нутаг хүртэл тархжээ. Зүйлийн тархацын өмнө зах Монгол улсын баруун хойд хязгаарт Монгол алтайн Цагаан шувуут уулнаас зүүнээ Тана нурууны өвөр бэлийн уулс, Тэс голын эх, Улаан тайга, Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хойт уулс, Үүр голын эх хүртэлх зурвас нутагт хэсэгхэн газарт тохиолдоно. Ялзмаг ихтэй чийглэг хөвсгөр зөөлөн хөрстэй ой шугуйд голын татам, хөндийгөөс 3500 м хүртэл нутагладаг.

Амьдралын онцлог: Соён, Алтайд VI-VII сард ороо нийллэгт орж, 9 сар хээлээ тээгээд, дараа оны IV-V сард 6 хүртэл зулзага гаргадаг. Олон салаалан сүлжилдсэн хэдэн км урт үлийлсэн нүхэнд орогнодог. Голдуу чийгийн улаан хорхой, элдэв шавж, тэдгээрийн өндөг өтөөр идэшлэнэ. Тоо толгой, хомсдох шалтгаан: Монголд тоо толгойг огт судлаагүй. Голын татам, хөндий хаврын шар усны үерт автах, цасгүй буюу бага цастай өвөл хөрс гүн хөлдөх зэрэг байгалийн сөрөг нөлөөллөөс бөөнөөр хорогддог.

Алтайн чацуулин нь амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном, Монгол орны хөхтөн амьтны улаан дансанд тус тус бүртгэн, тархац нутгийн тодорхой хувийг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан.