Алтан кобра-хээрийн сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Анх 1982 онд АНУ, Тайландын Вант улсын Зэвсэгт хүчнүүд санаачлан хоёр талын цэргийн хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлэх зорилгоор Тайландын газар нутагт "Алтан Кобра" /Cobra Gold/ нэртэй хамтарсан цэргийн хээрийн сургууль зохион байгуулжээ. Үүнд Тайландын Усан цэрэг, хуурай цэрэг, агаарын хүчин АНУ-ын усан болон агаарын цэргийнхэнтэй хамтран "PHIBTRAEX, SEAIAM, UNDERSEAL, EODEX" нэр бүхий сургуулиудыг нэгтгэн "Алтан Кобра" нэр дор 1982-1985 оны хооронд хийж байжээ.

1986 онд "Алтан Кобра" цэргийн хээрийн сургуулийг Тайландын Эзэн хааны Зэвсэгт хүчний Жанжин Штаб хариуцан удирдах болж цаашид уг хээрийн сургуулийг жил бүр хийж байхаар тогтсон байна. Улмаар Тайландын Вант Улсын Эзэн хааны Зэвсэгт хүчний бүх салбар ангиуд оролцож жил бүр Тайландын армийн аль нэг хэсэгт ээлжлэн хийдэг болжээ.

2004 он хүртэл зөвхөн Тайланд, АНУ, Сингапурын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн хээрийн сургууль байсан. 2004 онд Филиппины болон Монголын Зэвсэгт хүчин оролцож эхэлсэнээр энэхүү цэргийн хээрийн сургууль бол заналхийсэн бус харин энхийг сахиулахын төлөө хийж буй хээрийн сургууль гэдгээ нотлон харуулсан юм.

2014 оноос хойш "Алтан Кобра" хээрийн сургууль гурван үндсэн үйл ажиллагааны хүрээнд явж байна. Үүнд: Нэгдүгээрт:- Байлдааны зэвсэг хэрэглэх сургууль (CALFEX), Хоёрдугаарт:-Командын нэгдсэн удирдлагын үйл ажиллагааны сургууль (CPX), офицерүүд байгалийн гамшигийн үед хүмүүнлэгийн тусламж хэрхэн үзүүлэх /компьтераар/ сургууль хийх, Гуравдугаарт:- Тайландын нутгийг иргэдэд туслах.

Үүнээс хойш Ази тивд хамгийн томд тооцогдож буй энэ олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургуулийг жил бүр Тайландад зохион байгуулж ирсэн бөгөөд оролцогчдын хүрээгээ тэлсээр 2016 оны байдлаар 36 орныг хамраад байгаа аж.

"Алтан кобра-2018" ээлжит цэргийн хээрийн сургууль 2018 оны 2 дугаар сарын 13-23-ны хооронд болж нийт 29 орны 11075 цэрэг, офицерууд оролцсон байна. Өмнө 2014 онд Тайландад цэргийн эргэлт болсноос хойш АНУ оролцоогоо эрс багасгаад байсан авч Д.Трамп 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш оролцоогоо хоёр дахин нэмэгдүүлж, 6800 америкийн цэрэг оролцуулсан байна. 2018 оны “Алтан кобра” хээрийн сургуулийн бас нэгэн онцлог гэвэл Мьянмарын Зэсэгт хүчнийхэн энэ удаагийн хээрийн сургуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, зөвхөн цэргийн нэг офицероо нээлтийн ажиллагаанд ажиглагчаар оролцуулжээ. Монгол Улс 2004 оноос эхлэн ажиглагчаар оролцож ирсэн бол энэ 2018 онд шат ахиж Төлөвлөлтийн дэмжих багт багтжээ.

2018 оны цэргийн хээрийн сургуульд:

Оролцогчид: АНУ, Тайланд, Сингапур, БНСУ, Индонези, Япон, Малайз.

Ажиглагчид: Бруней, Лаос, Камбож, Мьянмар, Вьетнам, ХБНГУ, Шри-Ланк, Бразил, Швед.

Олон үндэстний төлөвлөлтийн дэмжих баг: Австрали, Канад, Фрөнц, Их Британи, Бангладеш, Монгол, Непал, Филиппин, Фижи, Шинэ Зэланд

Бусад: Хятад /2015/, Энэтхэг

гэх хэлбэрээр улс орнууд оролцсон байна.