Алтан овооны хүн чулуу
Алтан овооны хүн чулуу нь Алтан овооны дэргэд дахь дундад зууны үеийн хүн чулуун хөшөө.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн зүүн хойно дөрвөн хүн чулуун хөшөө бий. Эдгээрийг нутгийн ард олон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг тавин идээ, цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ.
Дурдсан хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, Монголын эрдэмтэн, судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ.
Энэхүү дөрвөн хөргийг өөрөөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Ноён хэмээх хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ.
Эдгээрийн нэгээс бусдын толгой хугаран алга болсон агаад В.А.Казакевичийг очиж үзэх үед Ноён хөргийн толгой байсан нь түүний нийтлүүлсэн гэрэл зураг, тэмдэглэлд хадгалагдан үлджээ. Эдгээрийн нэн тэргүүн нүдэнд тусах нийтлэг байдал нь бүгдийг түшлэгтэй исэр сандалд суусан байдлаар хийсэн явдал юм. Ноён хөрөг хэмээн алдаршсан хамгийн том хөргийн ноёны заларч буй исэрийг зөрүүлдэг хөлтэй, түшлэгийн арын самбарт бадамцэцгэн хээгт овойлгон цоолборлож хоёр гарын түшлэгийг элдэв сийлбэр хээгээр чимэглэжээ.
Дээл нь зөв тийш дарж товчилдог, ташуу энгэр, нарийн ханцуй, урт хормойтой уужим халхгар бөгөөд нугалаасыг тун бодитой нарийн дүрсэлсэн. Тухайлбал, ноён хөргийн дээлийн заамыг хоёр эмжээртэй хатан хөргийн хийг хоёр нарийн, нэг өргөн нийт гурван эмжээртэй хийсэн нь ХIII-ХIV зууны монгол хаад хатдын хөрөг зурагт эр, эм хүний дээлийн ялгааг тодотгон гаргасан байдагтай яг дүйдэг. Ноён хөргийн дээлийг дал мөрөн дээгүүр нь толгойд углаж өмсөх, шашны зан үйлийн “додиг” хэмээх өмсгөлийн хэлбэрээр угалз гарган чимэглэсэн. Түүнээс гадна энэ хөргийн дээлийн хормойн өвдөгцөө голоороо усны долгион хээтэй өргөн тууз гаргажээ. Хөргүүдийн хормойн дороос гутлын хамрыг цухуйлган дүрсэлсэн, ихэнх хөргийнх мөлгөр хоншоортой, уллагаатай байх ба харин хатан хөргийн гутал яльгүй ээтгэр хоншоортой байна.
Эр хүний дүрстэй хөргүүдэд бүс, бүснээс зүүж хоёр ташаа дамнуулан унжуулсан хавтага сав, хутга, сэтгүүр мэтийн зүйл товойлгож урласан. Харин эмэгтэй хүний хөргийг бүсгүйгээр урласнаас гадна биеийн галибар төрхч эмэгтэй хүн гэж ялгагдахаар дүрсэлжээ. Нутгийнхан “бэр” хөрөг хэмээн нэрлэдэг.
Эдгээр хөргийг чулуу овоолон хийсэн булш мэт дүгрэг байгууламжийн голд байрлуулсан байна. Харин үүрэг зориулалтын хувьд эдгээр нь булш биш мөн адил тахил шүтээний чанартай зүйл болох нь судалгаанаас тодорхой болжээ. НТ-ын XIII-XIV зууны Монголын дундад үед хамаарна.