Алтан улсын эсрэг цэргийн тагнуул
Чингис хаан өөрийн улсын хүчнээс хавьгүй илүү хүчирхэг, бэлтгэл сургуулилт сайтай, олон арван цайз, бэхлэлт бүхий хотуудад түшиглэсэн, маш чадварлаг ноёд , жанжидтай Алтан улстай байлдахын тулд түүнийг холбоотон улсуудаас нь салгах, Тангадын нутгийг байлдааны түшиц газар болгож ашиглахын зэрэгцээ тагнуулын үйл ажиллагаа идэвхтэй явуулж, түүний дотоод байдал, цэрэг арми, хот тосгон, газар нутаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар янз бүрийн арга зам, эх сурвалжийг ашиглан тагнуулын ихээхэн мэдээ цуглуулж байжээ. Тэрээр тагнуулын зорилгодоо яс үндэс, зэрэг янз бүрийн шалтгаанаар хавчигдаж дургүйцсэний улмаас Алтан улсаас оргож ирсэн хүмүүсийг ч ашигладаг байсан. Мөн лалын худалдаачдаас үнэтэй чухал мэдээ олох нь цөөнгүй байжээ. Лалын худалдаачид нь тэр үедээ Дундад Ази төдийгүй алс холын Монголын нутаг хийгээд Хятадын баян чинээлэг мужуудыг сайн мэддэг ховорхон хүмүүс болохыг Чингис хаан соргогоор олж мэдэж, өөрийн зорилгодоо ашигладаг байсан байна. Тийм худалдаачдын нэг нь хонио усалж явахдаа Тэмүүжинтэй уулзсан хэмээн Монголын нууц товчоонд дурдагддаг сартаул (Хорезм) Хасан юм. Тэрээр хожим нь Хорезмыг байлдан дагуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тухай эрдэмтэн Сайшаал тэмдэглэсэн байдаг. Алтан улс нь тэр үед хоорондоо дайсагнасан Цин, Сүн хоёр улсад хуваагдсан байсныг Чингис хаан тагнуулын зорилгодоо мөн ашиглаж байжээ. Тэрээр Алтан улсыг тагнахад тусгайлан бэлтгэсэн туршуулуудаа болон тэнд ажиллаж байсан ноёд, жанжнуудаа ч ашигладаг байжээ. Товчхоноор хэлбэл, Чингис хаан байлдан тагнах ажиллагаа зохиох, Хэрэйд, Найманы зөвлөх, лалын худалдаачид болон Сүн улстай дайтахад нь Цин улсад туслан ажиллаж байсан өөрийн ноёд, жанждаа тагнуулын зорилгод ашиглах, тусгайлан бэлтгэсэн олон арван туршуулаа Алтан улсад нэвтрүүлэх, Алтан улсын төрийн түшээдээс элсүүлэн ашиглах, өөрөө биечлэн тагнах, урваж ирсэн цэргийн жанжид, олзлогдогсдоос чухал мэдээ олох, хуурч төөрөгдүүлэх ажиллагаа зохиох зэрэг арга, зам, сувгийг ашиглан тагнуулын үйл ажиллагааг идэвхтэй, маш чадварлаг явуулсны үр дүнд Алтан улсын цэрэг, эдийн засгийн хүчин чадал, цэргийн байлдах арга ухаан, нийгэм, улс төрийн байдал, байгаль цаг уурын нөхцөл гэх мэт өргөн хүрээтэй асуудлаар тагнуулын мэдээ олж цуглуулан ашигласнаар Хятад орныг байлдан эзлэх туйлын хүнд зорилтыг тагнуулын аргаар хангасан байна. Цэрэг дайны болон тагнуулын олон зууны асар их туршлагатай Хятад орныг байлдан дагуулах хүнд зорилтыг хэрэгжүүлж чадсан нь Чингисийн Монгол гүрний улс төр, цэргийн үйл ажиллагааны төдийгүй тагнуулын үйл ажиллагааны зүй ёсны үр дүн, дэвшил хөгжлийн шинэ үе шат байжээ. Чингис хаан Алтан улсын цэргийн хүчийг биечлэн тандан мэдэхийн тулд хаанд нь бэлэг өгөх халхавчаар биечлэн очиж байсан нь тэрээр эсрэг талаа тагнан мэдэхэд ямар их ач холбогдол өгч байсны нэг илрэл гэлтэй. Чингис хаан Хойд Хятадын нутгаар явж цаашлан Алтан улсын нийслэлд очих гэсэн нь янз бүрийн эх сурвалж, арга замаар олсон тагнуулын мэдээллүүдийн бололцоотой заримыг нь газар дээр нь биечлэн шалгах зорилготой ч байсан байж болох юм. Бас Алтан улсын хаан гэж хэн болохыг таньж мэдэх, түүгээр ч барахгүй түүнийг айлган сүрдүүлэх замаар бууж өгөх шаардлага тавих ч зорилготой байсныг үгүйсгэх ч аргагүй. Чингис хаан Хятадын нутгаар тагнуулын аялал хийж явсан тухай манай нэрт түүхч Ч.Далай гуайгаас гадна Оросын нэрт эрдэмтэн Б.Я. Владимирцов тэмдэглэсэн нь бий. Чингис хаан Алтан улсын зарим түшээдийг элсүүлэн, ашиглаж байсны нэг нь Алтан улсын бичгийн яамны түшмэл, Кидан үндэстэн Елюй Ахай, түүний дүү Елюй Доху нар юм. Алтан улсын дотоод байдлыг маш сайн мэдэж байсан тэд Чингис хаан тус улсыг байлдан дагуулах төлөвлөгөө, шийдвэр боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ