Jump to content

Алтан цөгцний хэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алтан цөгцний хэрэг

Сэлэнгийн Бургалтайд квадрат Төмөрбаатар гээч хэлээ хутгаар зүсч цус гаргадаг ид шидтэй нэгэн зуугуул эр хаанаас ч юм гэнэт гарч ирсэн шигээ орон даяар гэнэт бөөн шуугиан дэгдээж бас нэг ер бусын авъяастнаар гэнэт тодорсон юм. Төмөрбаатар 1991 оны намар Бургалтайн голын хөвөөгөөр морьтой явж байтал дэргэд нь голын эрэг нь нурж нанги шороон дотроос нь нэг юм гялалзах нь нүдэнд нь содон тусав гэнэ.

Тэгэхээр нь мань хүн мориноосоо бууж энэ юу юм бол гээд очиод үзэхүл нэг төө, мухар сөөм хэмжээний шижир алтан цөгц байжээ. Нөгөө цөгцөө аваад бас нэг өөр ид шидтэн дээр очиж үзүүлтэл нөгөөх түүнд маш сонин зүйлийг тайлбарлан хэлсэн аж.

Тэр цөгц бол Ар халхын толгой урчууд арав гаруй жил гар дамжуулан урлаж ариун мутарт Аюуш бурхныг тойруулан сийлж бүтээсэн, монгол түмний өмнөх түүх, хойч ирээдүй, цаашдын замд тохиох заяа буяныг тээж буй далдын хувилгаан хүчтэй маш эрхэм чухлыг өвч биедээ агуулсан шижир алтнаасаа ч хавьгүй их үнэтэй, зуун зуунд нэг л удаа тохиох ховор нандин шүтээн байна гэнэ дээ. Монгол түмний түүх соёл, хойч ирээдүйг даасан агуу их шүтээнийг олсон квадрат Төмөрбаатар нөгөөх нандин зүйлээ хуучин цамцандаа боож аваад галт тэргэнд суун Улаанбаатарт орж зах дээр зарахаар гардгийм байнаа. Ингэж яваад тэр үед өөрийн гоц авъяас мэдрэмжээрээ хүний санаанд багтамгүй дуйлаануудыг чадамгай олж телевизээр нэвтүүлэн олныг шагшруулсаар “сенсаци од” болсон нөгөөх кино зохиолч Дожоодорж гээч бас нэг сэргэлэн эртэй тааралдаж танилцсан юм байх. Төмөрбаатар Дожоодоржид алтан цөгцнийхөө тухай бас зах дээр зарах гэснээс болж харь гаргийнхний хилэгнэлийг төрүүлж тэдний хараанд ороод амьдралд нь дааж давшгүй их гай зүтгэр тохиож ямар нэг далдын юм түүнийг хаа явсан газарт нь үргэлж даган амар заяа үзүүлэхгүй болсон тухайгаа ч сэтгэл зовнон яриад авч дээ зайлуул.

Иймэрхүү зүйлийг өлгөн авч улам итгэл үнэмшилтэй болгон олныг алмайруулдаг гоц авъяастай Дожоодорж гээч эр түүнийг анхааралтай сонссоны дараа Төмөрбаатарын хамт хөдөө гэрт нь очиж энэ ер бусын гайхамшгийн тухай телевизийн нэвтрүүлэг хийхээр яаран маргааш нь Бургалтайг зорив. Дожоодоржийг тэнд очиход Төмөрбаатар үдэш хажуу айлдаа ороод гарч явтал нөгөөх үргэлж дагаж явдаг далдын юм нүүрийг нь самардан цус нөжтөй нь хутгасныг видео хальсандаа буулган улаан халзан нүүртэй Төмөрбаатарыг орон даяар харуулж санасан хэргээ бүтээж телевиз үзэгч олныг дахин гүн шооконд оруулав гэнэ.

Харин алтан цөгцөө үзүүлж чадсангүй дараа үзүүлэнэ гэсээр өнгөрсөн. Энэ бүх үйл явдал нуусан ч нуух нь цувж, хаасан ч хир нь цухуйх булчимгүй нэгэн цуурхал болохыг тэр үеийн Баруунбүрэн |Бургалтайн| сумын засаг дарга Д.Бадарч болон албаны хүмүүс хэвлэл мэдээллээр удаа дараалан мэдэгдсэн боловч нэгэнт орон даяар хаврын түймэр мэт дэгдсэн энэ цуу нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийнхний гол сенсаци болж, зохиолч Дожоодорж сорын гал мэт хэсэг дүрэлзэж байгаад удалгүй унтарсан. Олон түмэн гэдэг сонин хүмүүс шүү дээ харсаар галзуу солиотой гэмээр юманд итгэж нэг хэсэгтээ л шуугилдлаа. Ай хөөрхий нийгэм маань ялзарч сэтгэхүйн гүн гүнзгий ангал руу ингэж ч амархан орж байлаа.

Эцэст нь энэ хэрэг улайж бүр амьтны элэг доог болж эхлэхэд Төмөрбаатар алтан цөгцөө үзүүлэнэ гэж амалсаар чадаагүй. Тэрээр яг үзүүлдгийн даваан дээр “аавынд” орчихлоо гээд л ярьж байсан даа зайлуул. Аавынд орох хир хэмжээ гэж байдаг бол мань хүний хувьд түүнийг ч бүр хэдэн зуун хувь давуулан биелүүлсэн, манай социалист хөдөлмөрийн баатар оёдолчин, саятан жолооч нарыг ч ардаа орхих буйзаа.

Хэрэг мандаад ирэх үед нөгөөх алтан цөгцийг үзсэн хүн ер олдоогүй, Дожоодорж болон мөн зах дээр зарах гээд авч явах үеэр ганц нэг хүн үзсэн л баймаар. Дожоодорж болохоор үзсэн гэх ямарч баримт байхгүй, үзээгүй гэхээр түүний хийсэн бүтээл худал болох ацан шалаанд ороод нилээд сандарсан байх эцэст нь энэ тухай ганц үг ган гээгүй, бүлх залгисан мэт таг дуугүй явсаар сүүлдээ мартагдсан. Буудлаа ч гэсэн буцах замгүй, будлаа ч гэсэн хийх нүүргүй болсон квадрат Төмөрбаатар өөрийн хийсэн үйлийн лайгаа өрөө үүрч шоронд байсаар сураг нь тасарсан.

Ингэж л тэр үеийнхэн элдэв цуурхалд хууртсаар бүр дасаж сүүлдээ баргийн юманд цочирохоо ч бүр болсондоо. Тэгэхээр Дожоодоржтон нар алтан цөгц, квадрат Төмөрбаатар хоёроос ч илүү эгэл хүн байтугай эрлэгийн эзэн үнхэлзэг нь хагармаар сенсаци олж олныг алмайруулах дараагийнхаа эрэлд гарсан буйзаа. Тиймээ тэрээр үүний дараа “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амийг хэн хөнөөсөн бэ?” хэмээх бас нэг “дуулалт жүжиг” бичиж тэр нь маш сайн борлогдож Дожоодорж харин сайн мөнгө хийсэндээ. Үүний дараа удалгүй тэр нь хуурамч болох нь мэдрэгдсэн.