Анкетын асуулга

Анкетын асуулга (Анкетный опрос. Questionnaire). Судалгаанд хамрагдагсдын санал бодол, харьцаа, үнэлэмж, шалтгаан зэрэг субъектив хандлагатай холбоотой шинж чанаруудыг мэдэх, тодруулах зорилго бүхий судалгааны аргын нэг төрлийг анкетын асуулга гэж нэрлэнэ. Анкетын асуулгын үр дүнд бас сонин хэвлэл захиалах эсэх, радио хүлээн авагч, телевиз бий эсэх, унших, сонсох, үзэх хугацааны давтамж, үргэлжлэл зэрэг объектив шинжтэй асуултуудад хариу авч болдог. Асуултыг анкетын, аман асуулга гэж хоёр ангилдаг. Анкетын асуулгад бусад судалгааны нэгэн адил асуултаа зөв, оновчтой боловсруулах, судалгааны объект, судлагдахууныг сонгох, зорилго ба зорилтуудыг тодорхойлох, ойлголтуудыг тайлбарлах, хөтөлбөр боловсруулах, шалгуур, аргуудыг тогтоох зэрэг олон шаардлага тавигддаг. Анкетын асуулгад тавигдах гол шаардлагын нэг бол шинжлэх ухааны үндэстэй хийгдсэн, асуултын зорилгод яв цав нийцсэн байх явдал юм. Мөн зориулж буй хүлээн авагчдын онцлогийг маш нарийн харгалзан үзсэн, товч тодорхой, хүртээмжтэй, энгийн байх шаардлагатай. Анкетын асуулга нь судалгааны зорилго, ач холбогдол, хариулт өгөх арга, буцаах хугацаа зэргийг тодорхой тайлбарласан оршил хэсэг, дараа нь асуултууд нь эхлээд энгийнээс хүнд руу чиглэгдсэн хамгийн хүнд асуудлыг дунд нь оруулсан үндсэн хэсэг, төгсгөл хэсэг нь тухайн хүний өөрийн талаар мэдээлэл авахад чиглэгдсэн энгийн асуултуудыг багтаасан байдаг. Анкетэд хаалттай, нээлттэй, хагас нээлттэй асуултуудыг ашигладаг. Хагас нээлттэй асуултууд өгөгдсөн хариултаас сонголт хийх эсвэл өөр саналыг нэмж бичихийг шаардсан шинжтэй юм. Мөн асуултууд эзэн биетэй ба эзэн биегүй, шууд ба дам, үндсэн ба хяналтын, төслийн шинжтэй байж болно. Төслийн шижтэй асуулт гэдэг нь тодорхой нэг тохиолдлыг өгч, энэ талаар өөрийн саналыг илэрхийлэхийг хүссэн асуулт юм. Энэ нь асуулгад хамрагдагч ямар нэгэн сэтгэл зүйн бэрхшээлээс зайлсхийхэд туслахын хамт заримдаа анкетыг улам сонирхолтой болгодог. Мөн зарим тохиолдолд алтернатив буюу эсрэг тэсрэг хоёр асуултын аль нэгийг сонгох зорилготой асуултыг оруулсан байдаг.