Jump to content

Арга зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Арга зүй (Методология. Methodology) гэдэг нь хүний онолын болон практик үйл ажиллагааг зохион байгуулах аргуудын тухай сургаал мөн. Арга зүйн зорилго нь хүмүүсийн өдөр тутмын туршлагад хуримтлагдсан үйл ажиллагааны бүдүүвчийг тайлбарлах, бүтээх, өөрчлөн байгуулахад оршино. Арга зүй орчин үеийн соёлын тулгамдсан асуудлуудын учир утгыг гүнзгий ойлгох, дахин тунгаан үзэх чухал зүйл болж байна. Тийм учраас соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог сэтгүүл зүйн хувьд арга зүй онцгой байр эзэлдэг. Хэрэв арга зүйг сэтгүүл зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл уран бүтээлийн зорилтуудыг үр ашигтай шийдвэрлэх боломжоор хангадаг тухайн хүрээн дэх үйл ажиллагааны мөн чанар, систем, арга замын тухай мэдлэгийн нийлбэр мөн. Сэтгүүлчийн арга зүйн соёл гэдэг нь хоорондоо салшгүй холбоотой мэдлэг болон чадварын наад зах нь дөрвөн салбараас тогтдог. Энэ бол нийгмийн танин мэдэхүйн ерөнхий арга зүй, сэтгүүл зүйн ерөнхий арга зүй, туршилтын мэдээ баримтыг олж авах арга зүй, олж авсан мэдээ баримтуудыг боловсруулах (тайлбарлах) арга зүй юм. Нийгэм-улс төрийн аливаа зүтгэлтний нэгэн адил сэтгүүлчийн соёлын арга зүйн үндсийг нийгмийн танин мэдэхүйн ерөнхий арга зүй бүрдүүлдэг. Түүний цөм нь сэтгүүлчийн баримталдаг нийгмийн философи, өөрөөр хэлбэл нийгмийн хөгжил, үйл ажиллагаанд үндэслэгддэг хуулиуд, зүй тогтлуудын тухай төсөөллүүдийн систем болно. Мөн нийгмийн танин мэдэхүйн ерөнхий арга зүйд эдийн засаг, улс төр, удирдлагын ухааны онол, хууль, эрх зүй, ёс зүй, шашин судлал зэрэг нийгмийн шинжлэх ухааны мэдлэг багтдаг. Сэтгүүлч танин мэдэхүйн, логикийн, социологийн, нийгмийн сэтгэл зүйн, түүхийн, урлагийн, уран зохиолын тодорхой мэдлэг, чиг баримжаагүйгээр урагш алхах боломжгүй юм. Сэтгүүлчийн арга зүйн соёлыг бүрдүүлдэг хоёр дахь том бүлэг бол сэтгүл зүйн ерөнхий арга зүй мөн. Энэ бол сэтгүүлчийн уран бүтээлийн үйл явцад зайлшгүй ашигладаг олон нийтийн мэдээллийн үйл ажиллагаа болох сэтгүүл зүйн тухай бүх мэдлэгийн нийлбэр, түүнчлэн олон нийтийн мэдээллийн мөн чанар, үүргээс эхлээд уран бүтээлийн үйл ажиллагааны хуулиуд, зүй тогтлууд хүртэлх сэтгүүл зүйн тухай бүх төрлийн мэдлэг юм. Энэхүү мэдлэгийг хэрэглэх нь сэтгүүл зүйн өвөрмөц онцлог, шинж чанарыг бүрэн гүйцэд ойлгох, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд нөлөөлөх төдийгүй, нийгмийн танин мэдэхүйн ерөнхий арга зүйд томоохон нэмэлт болж, түүнийг сэтгүүл зүйн онцлогт тохируулан ашиглах боломж, шинж чанарыг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сэтгүүлчийн арга зүйн соёлын гурав дахь салбар бол туршилтын (эмпирик) мэдээ, баримтыг цуглуулах, хүлээн авах аргууд юм. Энэ аргуудын нийлбэрт ажиглалт хийх, санал асуулга явуулах (харилцан ярилцлага, анкетын асуулга), баримтуудыг судлах (албаны, хувийн г.м.), шаардлагатай тохиолдолд туршилт (бодитой, загварын, оюун ухаанд боловсруулсан) хийх мэдлэг, чадвар орно. Түүнчлэн мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд номын сан, архивт ажиллах, баримтын цуглуулга хийх (досье), тэмдэглэл хөтлөх, баримтыг нийтлэх явцад итгэлтэй байхын тулд олж авсан мэдээллийг баримтжуулах арга, ажиллагаа багтдаг. Сэтгүүлчийн арга зүйн соёлын дөрөв дэх хүрээ бол цуглуулсан баримтуудыг тайлбарлах, үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах, дүгнэлт хийх, ирээдүйн бүтээлийн ерөнхий үзэл баримтлалыг болон бодит агуулгыг боловсруулах аргууд мөн. Тайлбарлах арга бол баримтуудыг үзэгдлийн нэгдмэл дүр зургийг бүтээхийн тулд “нэгтгэх”, янз бүрийн нөхцөл тохиолдлуудын хоорондох харилцаа холбоог тогтоох, тэдний тус бүрийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох, аливаа үйл явдлын мөн чанар, хөгжил хөдөлгөөн, нийгмийн амьдрал дахь ач холбогдолд нь тохирсон дүгнэлт хийж, үндэслэл сайтай үнэлэлт өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөр тутмын амьдралыг үнэлж цэгнэх, судалж үзэх үйл явц үнэн бодитой байх нь арга зүйн урьдач нөхцөл, эх суурь нь үнэн зөв, үйлчилж буй нийгмийн хөгжлийн зүй тогтлуудыг гүнзгий ойлгох явдалтай шууд холбоотой юм. Чухам энэ мэдлэг мэдээ, баримтын тайлбарын онцлог, шинж чанар, арга барилыг тодорхойлох болно.