Jump to content

Ардын түр засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1921 оны хувьсгалын удирдах байгууллага,  Монгол Улс Түр Засгийн газар

1921 оны 3 сарын 13-нд МАН-ын Төв Хороо, Бүх цэргийн хэргийг ерөнхийлэн захирах газар, цэргийн анги, хил орчмын хошуу, шавийн төлөөлөгчдийн хурал болж, “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газар” [АТЗГ]-ыг байгуулан тэргүүлэгч даргад Д.Чагдаржав, гишүүдэд Д.Сүхбаатар, Л.Сумъяа, Н.Билигсайхан, Б.Азбилэг,Д.Бодоо (эчнээгээр), Х.Чойбалсан нарыг баталж, нэг гишүүнийг Урианхайгаас сонгон суулгахаар тогтжээ. АТЗГ байгуулснаа Хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнээр Монголд хоёр засаг тогтов.

АТЗГ нь улс орноо харийн эзэрхэгчүүдээс чөлөөлөх тэмцлийг зохион байгуулж удирдах, байнгын засгийн газар байгуулах, Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж Үндсэн хууль цаазыг тогтоох, хөрш зэргэлдээ улсуудтай найрамдалт харилцаа үүсгэн бэхжүүлэх зорилготой улс төрийн байгууллага, ардын ардчилсан төрийн анхны эх үүсвэр байв. орныг засаглах эрхийг Ардын засгийн газар Хиагт хотыг хятад цэргээс чөлөөлснөөр Ардын Түр Засгийн газар Монгол нутагтаа ирж төвхнөн эрх, үүргээ хэрэгжүүлэх болов. АТЗГ-аас 3 сарын 19-нд “Монголын түмэн ард ба олон лам, ноёдод тунхаглан зарлах бичиг”-ийг гаргаж, 20-ны өдөр гадаад олон улсад зарласан. АТЗГ-ын дүрэм хэмжээг баталж, Дотоод, Цэрэг, Сангийн яамыг байгуулан нутгийн ард олны амьдралыг тохинуулах, цэргийг өргөтгөн бэхжүүлж цагаантны эсрэг тэмцэлд бэлтгэх, АТЗГ-ын нөлөөг дэлгэрүүлж бодлогыг хэрэгжүүлэх Бүрэн эрхт төлөөлөгчдийг Дөрвөд аймаг, Ховд, Хөвсгөлийн Дархад, Урианхайн хязгаарт томилон,нийгэм-эдийн засгийн зарим арга хэмжээг авчээ. 1921 оны 4 сарын16-аас АТЗГ-ын даргаар Д.Бодоо ажилласан.

Нийслэл Хүрээг чөлөөлөх түүхэн шийдвэрийг гаргаж, цэргийн ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэнээр АТЗГ, МАН-ын Төв Хороо 7 сарын 8-нд Нийслэл Хүрээнд иржээ. Маргааш өдөр нь Автономит Монгол улсын Дотоод яамнаас засгийн эрхийг шилжүүлэх асуудлыг Богд хаанд айлтгаж, шийдвэрийг АТЗГ-т мэдэгджээ. 1921 оны 7 сарын 10-нд АТЗГ-ын эрх баригчид Дотоод яаманд ирж, Д.Бодоогоос Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг байгуулж буйг зарлан Монгол орныг засаглах эрхийг Ардын засгийн газарт шилжүүлэн авчээ.