Артур Филлип
Артур Филлип (англи. Arthur Phillip; 1738 оны 10-р сарын 11-нд Английн Лондон хотод төрсөн— 1814 оны 8-р сарын 31-нд Английн Бат хотод нас барсан) — Английн Эзэн хааны усан флотын адмирал, австрали тив дээрх анхны европ колони болох Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч. Заримдаа «Орчин үеийн Австралийн эцэг» гэгддэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Артур Филлип анх 1755 онд арван долоон настайдаа Эзэн хааны Тэнгисийн цэргийн хүчинд элсэж, 1763 он хүртэл алба хаажээ. Дараагийн жилүүдэд тэрээр Английн хөдөө нутагт газар тариалан эрхэлж байв. 1769 онд тэрээр дахин алба хааж, Англи-Францын дайнд оролцсон байна.
1776-1777 оны Испани-Португалийн дайны үеэр тэрээр Роберт Макдуал (англи. Robert MacDouall) -ын удирдлаган дор Португалийн талд алба хааж байжээ. Тэрээр Испанийн "Сан Агустин" хөлөг онгоцыг барьж авахад асар их эр зориг, авхаалж самбаа харуулсан байна. Энэ тулалдаанд түүний үзүүлсэн гавьяаг тэмдэглэж хөлөг онгоцыг "Санта Агустиньо" гэж нэрлэсний дараа Артур Филлипийг шинэ ахмадаар томилсон байна.
1786 онд Филлип Английн засгийн газраас Шинэ Өмнөд Уэльст цөлөгдсөн гэмт хэрэгтнүүдийн суурин байгуулах тушаал авчээ. Дараа жил нь тэрээр " Нэгдүгээр флот " гэгддэг 11 хөлөг онгоцноос бүрдсэн усан онгоцны хэсгийг толгойлж Австрали руу гарчээ. 1788 онд тэрээр Порт Жексоны булан дахь ижил нэртэй Сиднейн булангийн эрэг дээр тухайн үеийн Британийн колоничлолын захирагчийн нэрэмжит Сидней хэмээх ялтнуудын сууринг байгуулжээ. Сидней нь Австрали тив дэх Европын анхны колони болжээ. Шинэ Өмнөд Уэльсийн анхны амбан захирагч болсон Филип цөллөгчид болон цэргүүдийн үймээн самуунтай, 1790 оны дунд үе хүртэл өлсгөлөнгийн аюулын сацуу нэлээд амжилттай тэмцэж байв. Тэр чадвартай колони байгуулж чадсан. Филип нутгийн уугуул иргэдтэй эвлэрэх бодлого баримталж байсан ч суурьшсан иргэд болон уугуул иргэдийн хооронд урт удаан хугацааны энх тайван тогтоож чадаагүй байна.
1792 онд Филлип эрүүл мэнд муудсан гэсэн шалтгаанаар Англид буцаж ирсэн боловч 1796-1798 онд дахин далайд байлдааны ажиллагаанд оролцов. 1805 оны 11-р сарын 6-нд Филип улаан тугийн адмирал, 1809 оны 11-р сарын 24-нд цагаан тугийн дэд адмирал, 1810 оны 7-р сарын 31-нд улаан тугийн дэд адмирал, 1814 оны 6-р сарын 7-нд цэнхэр тугийн адмирал цол тус тус хүртсэн ажээ.
1792 онд Филлипийн эхнэр Маргарет нас барж 1794 онд тэрээр Изабелла Уайтхедтэй дахин гэрлэж, Бат хотод хэсэг хугацаанд амьдарсан. Түүний эрүүл мэнд сайжирч 1796 онд тэрээр францчуудын эсрэг хийсэн дайны үеэр хэд хэдэн үүрэг хариуцлага хүлээн далайд буцаж иржээ. 1799 оны 1-р сард тэрээр контр-адмирал болсон. 1805 онд 67 настайдаа тэрээр тэтгэвэрт гарч үлдсэн амьдралаа Бат хотод өнгөрөөжээ. Тэрээр Шинэ Өмнөд Уэльс дэх найзуудтайгаа захидал харилцаагаа үргэлжлүүлж, колонийн Засгийн газрын албан тушаалтнуудад шинэ санаа санал болгож байжээ.
Артур Филлип 1814 оны 8-р сарын 31-нд Английн Бат хотод нас барсан байна.