Jump to content

Асанга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

(Са) Асанга буюу (Тө) Тогмэд, (Мо) Төрвөлгүй хэмээн алдаршсан энэ эрхэм хүмүүн нь Эртний Энэтхэгийн Буддын шашны Их хөлгөний урсгалын гол төлөөлөгч. Асанга богд нь МЭ 4-5р зууны хооронд амьдарч байсан түүхэн бодит хүн юм. Махаяана урсгалд бол Бурхан Буддагаас хойш заларсан Буддатай эн зэрэгцэх түвшиний хүн гэж үздэг. Эх нэг эцэг өөр өөр нэгэн дүүтэй байсан бөгөөд тэрхүү дүү нь Васүнбадү хэмээн алдаршсан Буддын шашны бас нэгэн их мэргэн хүмүүн байжээ. Хутагт Асангаг уламжлалт түүх сурвалжид бол Наланда хийдэд сурч байсан гэх ба орчин үеийн түүхийн шинжлэх ухааны үзлээр бол Наландра хийдийг байгуулагдахад бараг нас нөгцсөн байж болзошгүй гэж үздэг байна. Учир нь Наландра хийд 5 зууны дунд үед байгуулагдсан гэж орчин үеийн түүхийн шинжлэх ухаанд үздэгтэй холбоотой.

Энэтхэгийн Бурханы шашны Их хөлгөний урсгалд “Хоёр их тэрэгч” хэмээх нэр томьёо байдаг. Хоёр их тэрэгч нь хутагт Нагаржунай, хутагт Асанга хоёрыг хэлдэг. Учир нь Бурхан багшийн айлдсан Буддизмын Их хөлгөн буюу Махаяана урсгалын үндсэн гол үзэл баримтлал буюу философийн гол үзэл санаа болсон Төв үзэлийг хутагт Нагаржунай сэргээж, Сэтгэл төдийтний үзэлийг хутагт Асанга сэргээж Махаяана урсгалыг бүрэн гүйцэт таниулж сурталчилсан гэж үздэг.

Хутагт Асангагийн эцэг нь хааны удамтай байсан ба эх нь Асанга болон дүү хоёрыг нь Бурханы шашныг хөгжүүлэн цэцэглүүлэхэд зориулан төрүүлсэн төдийгүй бага балчир цагаас нь түүндээ зориулан бэлтгэж улмаар ах, дүү хоёр Буддын номонд гүнзгий нэвтрэн боловсорч “Асанга ах дүүс” хэмээн алдар хүнд нь түгэх болжээ.

Хутагт Асанга Бурхан багшийн айлдсан хоосон чанарын сургаалын далдад нуугдах гүн бэрх утгыг өөрөө ухан ойлгож чадахгүй байсан гэдэг. Тиймээс Бурхан багшийн тэнгэрийн дүрт бодьсадва шавь нарын ахмад хоёр шавийн нэг Майдар гэгээний бүтээлд бүтэн арван хоёр жил сууж эцэст нь Майдар бурхантай хүн хүнээ харж буй мэтээр уулзаж чаддаг болсон гэж Махаяана урсгалд үздэг. Бурхан багшийн айлдсан иххөлгөний сургаалуудын утга агуулгыг бүрэн төгс багцалсан “Майдарын таван ном” хэмээх номыг Майдарын гэгээнээс сонсон түүнийгээ үг үсгэнд буулган нийтийн хүртээл болгож өөрөө ч мөн тэрхүү номлолоор дамжуулан Бурхан багшийн номлолын далд нууц утгасыг ухааран “Газрын таван аймаг”, “Хоёр товчлол”, “Үндэсний багшийн тайлбар” гэх мэт бүтээлүүдээ туурвин Махаяана урсгалын философи үзэл санаа, бясалгал болон гэгээрлийн зам мөрийн нягт нарийн онол болон гарын авлагын бүтээлүүдээ туурвисан түүхтэй. Хутагт Асангагаас хойш заларсан Наланда болон Викрамлашила гэх мэт эртний Энэтхэгийн Буддын төв хийдүүд хутагт Асангагийн энэхүү зохиол бүтээлд нэн их ач холбогдол өгч чухал сурах бичиг болгон ирсэн байна. Түүгээр тогтолгүй Наланда болон Викрамлашилагаас шууд улбаалан Төвдөд дэлгэрсэн Буддын шашины бүхий л хийд сургуулууд ч мөн хутагт Асангагийн номлолд шууд тулгуурлан эх сурвалжаа болгон явж иржээ. Төвдөөс Монголд Буддизм дэлгэрэхэд ч мөн Монголын хөрсөн дээр Буддын гүн ухааныг хөгжүүлэхэд хутагт Асангагийн бүтээл туурвил нь агаар ус мэт нэн чухал эх сурвалжуудын нэг болон явсаар ирсэн түүхтэй.

Өнөө үед дэлхий дахинаа дэлгэрээд буй бясалгалын олон янз аргачлалууд болон тархи судлалын шинжлэх ухаанд бясалгалаар дамжуулан олон шинэ ололт амжилт нээлтүүд бий болсон нь хутагт Асангагийн бүтээл туурвилуудад маш дэлгэр бөгөөд онол, хэрэгжүүлэлтийн гүн нарийн арга увдисуудын өвлөгдөн хадгалагдаж ирсэн энэ эх сурвалж дээр тулгуурлан бий болсон байдаг.