Асуудал дэвшүүлсэн ярилцлага

Асуудал дэвшүүлсэн ярилцлага (Проблемное интервью. Interview -article). Ярилцлагын энэ хэлбэр нь нийгмийн амьдралд тулгарсан ээдрээ төвөгтэй асуудалд мэргэжлийн болон эрх мэдэл бүхий хүмүүсийн үгээр хариу өгөхөд чиглэсэн байдаг. Нэрнээс нь бодож үзсэн ч ярилцлагын энэ хэлбэр амаргүй гэдэг нь ойлгомжтой. Ийм ярилцлагад их төлөв нэг л асуудлыг тал бүрээс нь даацтай хэлэлцдэг. Тэр нь үнэхээр шийдвэр хүлээж, хариу нэхсэн асуудал байдаг онцлогтой юм. Үүнийг заримдаа өгүүлэл-ярицлага гэж нэрлэдэг бөгөөд аливаа үйл явдал, асуудал, үзэл бодол, баримтын талаарх ярилцлага нийтлэл юм. Энэ төрөл 1936 онд Нью-Иоркийн “Herald” сонины сурвалжлагч аллагад оролцсон биеэ үнэлэгчээс ярилцлага авснаар сэтгүүл зүйд орж ирсэн гэж үздэг. Гол онцлог нь асуудал дэвшүүлэн тавьсанд оршино. Асуудал дэвшүүлсэн ярилцлагыг үр дүнтэй хийхэд сэтгүүлчийн ерөнхий мэдлэг, амьдралын туршлага, урьдчилсан судалгаа, бэлтгэл их үүрэгтэй. Сэтгүүлч ярианд идэвхтэй оролцож, асуултаа зөв тавьдаг байхын зэрэгцээ хүмүүсийн яриаг удирдах чадвар зайлшгүй хэрэгтэй. Туршлагатай сэтгүүлчид шийдвэрлэх гэсэн асуудалдаа хариу авахуйц асуултыг урьдчилан боловсруулж, ярианы явцад гарах элдэв бэрхшээл, сэдвийн өөрчлөгдөлтөөс яаж гарахаа төлөвлөж амжсан байдаг. Бас ярилцах хүнээ судалж тогтоох, урьдчилан уулзаж сэдэв, чиглэлээ тохиролцож бэлтгүүлэх зэргээр нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй болдог. Өнөөдөр нийгмийн анхаарал татаж байгаа үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэт олон асуудал байна. Эдгээрийн аль нэгийг сонгож авлаа гэж бодоход чадвал уг асуудлыг шийдвэрлэх үр ашигтай санааг дэвшүүлэх, эс чадвал асуудлын шалтгаан, үндсийг тодруулахыг хичээх хэрэгтэй. Ингэхгүй бол ярилцлагын зорилго хангагдахгүйд хүрнэ. Ер нь харьцангуйгаар асуудалгүй нийтлэл гэж байдаггүй. Түүнийг хөндөх, сэдэх, дэвшүүлэх гэх мэтээр үр дүнгийн төвшин харилцан адилгүй байдаг. Дэвшүүлэх гэдэг нь мэдээллийн хэрэгслийн хувьд эцсийн зорилго юм. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл асуудлыг шийддэг газар биш учраас шийдвэрлэх гэсэн ойлголт байж болохгүй. Өөрөөр хэлбэл, оновчтой дэвшүүлсэн асуудлаараа нөлөөлөх зорилт тавьдаг. Сэтгүүлч У.Амарсайхан, Нанж.Лхагва, Б.Ганчимэг нарын зарим ярилцлага энэ төрөлд багтдаг.