Jump to content

Атомын цахилгаан станц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Атомын цахилгаан станц (АЦС) буюу Цөмийн Цахилгаан Станц (ЦЦС) гэдэг нь нэг буюу хэд хэдэн цөмийн реактороос дулааны энерги гаргаж цахилгааны эрчим хүч гаргадаг цахилгаан станцыг хэлнэ.

ЦЦС-нь цөмийн түлш болох уран-235-ыг эсвэл уран болон плутонийн оксидын холимог түлшийг ашиглаж цахилгаан энерги үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангадаг. Уран-235 изотопын цөм нь дулааны энергитэй нейтроныг шингээн авч уран-236 изотоп болно. Энэхүү уран-236 изотопын цөм нь агшин зуурын хугацааны дараа хоёр хэсэг болж хуваагдах ба энэ үедээ 200 МэВ орчим энерги ялгаруулдаг. Цөмийн ийм хуваагдах урвалаас 200 МэВ орчим энерги ялгардаг бол ердийн химийн урвалаас 200 эВ орчим энерги ялгардаг (1000 000 дахин бага) байна. Хуваагдлын үед үүссэн энергийг дулаан зөөгч бодисоор зөөж уурын генераторт аваачдаг бөгөөд уурын генератор нь уг дулааны энергийг ашиглаж усыг буцалгаж маш их хэмжээний уур үүсгэнэ. Энэ уур нь хоолойгоор дамжин турбин-генераторын систем дээр ирж, турбины голыг эргүүлэх механик ажил хийдэг. Эргэлдэж буй голтой холбоотой байх цахилгаан генератороос цахилгаан гардаг.

Дэлхий дээрх Атомын цахилгаан станцууд

ЦЦС-ыг ангилахдаа дулаан зөөгчөөр нь болон ажиллах зарчмаар нь гээд олон байдлаар ангилж болдог. Жишээ нь: хөнгөн устай реактор, энэ төрлийн реакторыг дотор нь даралтат усан реактор болон буцалсан устай реактор гэж 2 ангилж болно. Мөн хүнд устай реактор, энэ төрөлд дотор даралтат хүнд усан реактор гэж төрөл байдаг.

Атомын цахилгаан станцуудын үйлдвэрлэх цахилгааны хэмжээ тогтмол байвал тохиромжтой байдаг бөгөөд ийнхүү үндсэн хэрэглээнд зарцуулагдах цахилгааныг гарган авахад ашиглагддаг.

Цөмийн урвал ашиглаж Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх оролдлого 1940-өөд онд АНУ, ЗХУ хоёр зэрэг эхэлүүлсэн байна.

Анхны Цөмийн реактораас цахилгаан эрчим хүчийг АНУ-ын Теннесси мужийн Ок-Ридж (англи. Oak Ridge) хотод 1948 оны 9-р сарын 3-нд "X-10" графит реактораас гаргаж авч байжээ.

ЗХУ-д анх "Обнинскийн атомын цахилгаан станц"-ыг 1950 онд барьж эхлүүлээд 1954 оны 6-р сарын 27-нд ашиглалтанд оруулж 5 МВт цахилгаан эрчим хүч гаргаж байжээ.

Үүний дараа 1956 онд Их Британи 49 МВт хүчин чадалтай станц, 1959 онд Франц, 1961 онд ХБНГУ, 1962 онд Канад, 1964 онд Швед, 1966 онд Япон зэрэг орнууд ар араасаа өөрийн атомын цахилгаан станцтай болжээ.

2022 оны байдлаар дэлхийн 32 улс Атомын цахилгаан станцыг ашиглаж байна. Атомын цахилгаан станцуудын дийлэнх нь Европ, Хойд Америк, Алс Дорнодод байрладаг бол Африкт бараг байдаггүй, Австрали, Далайн орнуудад огт байдаггүй. Дэлхий дээр нийт 394 ГВт хүчин чадалтай 451 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа ажээ.

Томоохон ослууд

[засварлах | кодоор засварлах]

1. Японд- «Фукусима-1» АЦС, 2011 он.

2. Зөвлөлт Холбоот улсад- "Чернобыль" АЦС, 1986 он. 4 сарын 26

3. ЗХУ, Челябинск-40 хотын Химийн үйлдвэр "Маяк", 1957 он.

4. Их Британи, "Уиндскейл" Атомын комплекс дээр гарсан аваар. 1957 он.

5. АНУ-ын "Три-Майл-Айленд" АЦС, 1979 он.