Атрын аян
Атрын аян нь газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготой өргөн олныг хамарсан үйл явц байв.
Атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу атрын гурван удаагийн аян өрнүүлжээ. Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аян 1976 оноос өрнөжээ. Атрын эхний аянуудыг МАХН-ын удирдлагаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллага гардан зохион байгуулж, залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, шинээр байгуулагдсан САА-г шефлэн авч ажиллаж байв.
Атрын аян нь Монгол улсын хувьд дотоодын гурил, улаан буудай зэрэг хүнсний хэрэгцээгээ хангахад үр өгөөжтэй байснаас гадна үйлдвэрлэл, техник технологи хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг баталсан. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв.