Jump to content

Аураг орд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Эзэнт гүрний үеэс монголчууд хэд хэдэн нийслэлтэй байсан бөгөөд түлхүү Хархүрэм буюу Хар Хорумыг бид дурддаг. Тэрнээс өмнө Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд суух үеэс хөгжиж ирсэн Чингисийн Их Орд Ауруг хэмээх нийслэл байсныг бид төдийлэн мэддэггүй. Түүх сөхвөөс Чингис хаан 1220 онд их хуралдайгаар Их Монгол Улсын нийслэлийг Ауруг ордноос Хархорум хот руу шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр энэ Ауруг хэмээх орд нь юуг өгүүлнэ вэ? Ауруг нь Чингис хааны дөрвөн ордны нэг бөгөөд анхны суурин хэлбэрийн нийслэл болон хөгжиж байсан хот юм. Чингис хааны ордуудаас хамгийн нэр хүндтэй орд байсан бөгөөд захирагдаж байсан улс орнуудаас албан татварт өргөсөн аливаа хүнс, эд агуурс барааг хадгалдаг байсан Их Монгол Улсын эрдэнэс, хөрөнгийн сан гэж хэлж болохуйц газар юм.

Мөн анхны нийслэл хэмээн олон судлаач нотлон хэлдэг. Эхэндээ нүүдэллэж байсан тус орд Хэрлэнгийн хөдөө аралд Аураг рашааны хойхно талд Рашаан дэрсний ухаа хэмээх газар суурьшиж 1189 оноос хойш 30 гаруй жилийн туршид онцгой байр суурийг эзэлж байсан ажээ. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г эртний Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ буулгаж хэвлүүлэхдээ өмнөтгөлд нь эртний Хөдөө арал, Ауруг ордын тухай онцгойлон тэмдэглэн үлдээсэн байдаг. Хэрлэнгийн хөдөө арал нь Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус / Сэнгүр горхи / - оор хязгаарлагдсан хээрийн бүс нутаг. Тус нутаг нь монгол төрийн голомт бөгөөд үе үеийн хаад энд хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж, төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байжээ.