Аян замын найруулал
Энэ өгүүллийг Аян замын тэмдэглэл өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Аян замын найруулал (Путевой очерк. Travel feature). Аян замын найруулал бол найрууллын төрөл зүйлийн хамгийн эртний хэлбэр мөн. Энэ бол бодит байдлыг тусгах ийм арга уран зохиолын төрөлд хамгийн түрүүнд нэвтэрсэн явдалтай холбоотой юм. Тиймээс сонин хэвлэлийн ажилтнууд уран зохиолоор дамжуулан энэ төрөл зүйлийг сайн эзэмшсэн бөгөөд энэ нь харьцангуй богино хугацаанд тогтмол хэвлэлд нэвтрэхэд нөлөөлжээ. Судлаачид аян замын найруулал бичих явдал тогтмол хэвлэл үүсэхээс өмнө бий болсон аян замын тэмдэглэлээс эхэлсэн гэж үздэг. Аян замын найрууллын бусад бичлэгийн төрөл зүйлүүдээс ялгагдах шинж нь урьдчилан төлөвлөн тогтсон гол санаа, явдал байдаггүйд оршино. Оросын судлаач А.А.Тертычныйгийн тэмдэглэснээр “аян замын найрууллын утга санаа нь тодорхой хэмжээгээр адал явдлын шинжийг хадагладаг” (196. 130) юм. Түүнд мөн л бусад төрөл зүйлийн нэгэн адил хөрөг болон үйл явдлын найруулалд байдаг шинж ажиглагддаг. Аян замын найруулалд зохиогчийн оролцоо онцгой үүрэгтэй төдийгүй ихэнх тохиолдолд үйл явдлын нэг баатар болон оролцдог байна. Зохиогчийн зам зуурын ажиглалт, уулзалт, тохиолдсон үйл явдал, шинэ улс орон, газар, хот, амьдралыг үзээд төрсөн сэтгэгдэл, тэдгээрийн нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны асуудлууд аян замын найрууллын үндэс суурийг бүрдүүлдэг. Гэхдээ энэ бүх үзсэн, сонсоноо ямар ч учир бодлогогүй бичиж, уншигчдад ердөө л аялалынхаа протокол маягийн тэмдэглэлийг танилцуулах зорилготой бус сэтгүүлчийн аяллын (томилолтын) агуулгыг бүрдүүлж буй үйл явдал, сонирхолтой содон зүйл, уулзалт зэргийг тодорхой дэс дарааллын дагуу өгүүлэх замаар найрууллын өгүүлэмжийг гаргадаг онцлогтой юм. Зохиогч ямар баримт, үзэгдэл мэдээллийг сонгох вэ гэдэг нь аяллын явцад эсвэл түүнээс өмнө төрсөн утга санаа, яаж тусгах вэ гэсэн үндсэн зорилтоос урган гарсан байдаг. Тиймээс зохиогчийн хамгийн чухал, хамгийн сонирхолтой гэж үзэж сонгон авсан баримт мэдээлэл нь энэхүү утга санаанд захирагдаж найрууллын үндэс суурийг бүрдүүлдэг. Аян замын найруулал нь мэдээллийн багтаамж сайтай, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, уншигчийн сонирхлыг шууд татаж, хөтлөн явах чадвартай байдгаараа бичлэгийн бусад төрөл, зүйлүүдээс ихээхэн ялгардаг. Зохиогч уншигчдыг шинэ цаг үе рүү, үзэж мэдээгүй аян зам, далай тэнгис, агаарын уудам, алс холын тив рүү хөтөлж байдаг. Манай нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэвийн “Парис хол боловч ойр мэт”, “Нью-Йорк урт чацтай хот”, “Барын таван тамир” зэрэг бүтээлийг монголын тогтмол хэвлэлийн аян замын найрууллын шилдэг жишээ гэж хэлж болно. Энэ найрууллуудыг уншсан хэнд боловч өөрөө Франц, АНУ, эсвэл Солонгос орноор аялж, юм үзэж нүд тайлаад ирсэн мэт сэтгэгдэл төрдөг нь үнэхээр сайн бичсэн аян замын найрууллын ид шид юм. “Аян замын найрууллын нэг чухал шаардлага бол гадаадын улс орны нийгэм улс төрийн амьдрал, хүн ардын үзэл бодлыг нэвт харж нийтлэл-уран сайхны аргаар буурьтай үнэлж дүгнэх явдал байдаг” (56. 126). Энэ нь тухайн найрууллыг уншиж байгаа хүн тэр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал, нийгмийн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ард түмнийх нь зан заншил, үзэл бодол, аж амьдрал, бусдаас ялгагдах онцлог шинжийн талаар үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэл олж авахад тусалдаг.