БНМАУ-ын цэргийн тагнуул
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа шинэ тулгар төрийг эмхлэн байгуулах ажил өрнөж, юуны өмнө төрийн байгууллагууд, тэр дундаа улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай албыг байгуулах чухал зорилт тавигдсан байна. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан хувьсгалын удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатараас ДХГ-ыг байгуулах бэлтгэл ажлыг хангах товчоог БЦЗ-ийн Тэргүүлэгчдийн нууц тушаалаар байгуулжээ. Уг товчоо ДХГ-ын дүрмийн төслийг 1922 оны 6 дугаар сарын 28-нд БЦЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрүүлэн “Дотоодыг Хамгаалах Газар” нэртэйгээр байгуулахаар тогтсоныг Ардын Засгийн газрын мөн оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар хурлын тогтоолоор ёсоор болгон баталжээ.
ДХГ-ыг байгуулах бэлтгэлийг хангасны үндсэн дээр БЦЗ-ийн шийдвэрээр 7 дугаар сарын 16-нд эдүгээгийн ТЕГ-ын эх суурь болох ДХГ-ыг БЗЦ-ийн харъяанд 3 тасаг бүхий 1 хэлтсийн бүтэц тогтолцоо, 14 ажилтантайгаар байгуулж, БЦЗ-ийн 1922 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас тус газарт тамга олгохоор шийдвэрлэсэн байна.
ДХГ-ыг байгуулахаас өмнө улс төрийн тагнуулын зарим ажил, үүргийг Цэргийн тагнуулын хэлтэс, хотын комендант, Засгийн газрын төлөөний түшмэл, хязгаарын сайдууд тус тусын чиглэлээр эрхлэн гүйцэтгэж байв.
Шинэ тутам байгуулагдсан ДХГ нь улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хорлон сүйтгэх, эх орноосоо урвах, дүрвэх, төрийн нууц задруулахаас сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх, гадаадын тусгай албадын тагнуул, туршуулыг илрүүлэх, гадаадын байгууллага, иргэдэд хяналт тавьж паспорт виз олгох, буу зэвсэг, дарь, тэсрэх, дэлбэрэх зүйл, хар тамхи худалдах, албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээ, мэдээллээр нам, төрийн эрх барих байгууллагыг хангах, гаалийн хяналтыг гүйцэтгэх, улсын хөрөнгө идэж ашиглах, үрэгдүүлэх зэрэг гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоох чиг үүргийг хүлээж байв. Ингэж ажиллахдаа олон тооны гадаадын тагнуул туршуул, төр засгийн эсрэг хуйвалдааныг таслан зогсоож байжээ.
1924 онд ДХГ-ыг Бүх Цэргийн Зөвлөлөөс Засгийн газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулан, тагнуулын эрх, үүргийг нь өргөтгөн бэхжүүлснээр ардчилсан төрт ёст Монгол Улсад нэгдмэл удирдлага, тогтолцоо бүхий тагнуулын байгууллага хэлбэршлээ бүрэн олж тогтсон билээ.
1925 оны 5 дугаар сард “БНМАУ-ын ДХГ-ын үндсэн дүрэм”-ийг боловсруулж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хурлын тогтоолоор батлан мөрдүүлжээ. Уг дүрмээр ДХГ-ын анхны чиг үүргийг баталгаажуулахын хамтад нарийвчлан тогтоож өгчээ. Тухайлбал, төрийн эсрэг зэвсэгт халдлага зохион байгуулах, түүнд оролцох, гадаадын аль нэгэн улс, этгээдээс Монгол Улсын иргэнийг төрийнх нь эсрэг турхирах, олон түмний санаа сэтгэгдлийг алдагдуулах, урвуулах, төрийн түшээ нартай зүй бус харьцан хууль ёсны үүрэг даалгаврыг үл биелүүлэх, албан татвараас зайлсхийх, нам төрийн эрх баригчид, нам, эвлэлийн гишүүдийн амь бие, улсын чухал объектод халдах, хорлон сүйтгэх, улс төрийн эсрэг утгатай бичиг, зохиол бэлтгэх, хадгалах, тараах гэсэн арван үйлдлийг багтаажээ.
Албан тушаалын гэмт хэрэгт эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хээл хахууль авах, улсын эд хөрөнгийг хувьдаа ашиглах, ногдсон албыг зориуд үл биелүүлэх, боогдуулах, будлиантуулах, "цэвэр ичимтгийг гээгдүүлж зүй бус явах" үйлдлийг хамааруулсан байна. Мөн эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, ардын цэргийн аюулгүй байдлыг хангах, Монгол Улсад амьдарч байгаа гадаадын болон харъяалалгүй иргэдийг бүртгэж хяналт тавих, гэмт үйлдлийн сэжиг илэрвэл магадлан хянах зэрэг үүргийг нэмж ногдуулсан байна.
1920-иод оны эцсээр засгийн эрхэнд гарсан зүүнтнүүд ДХГ-ыг намын улс төрийн байгууллага болгон хувиргаж хууль ёсыг завхруулан бүхнийг хардаж сэрдэх, Зөвлөлтийн сургагч, зөвлөх нар дураараа аашлан, ДХГ-ын бүхий л ажлыг удирдан чиглүүлэх болсон байна.
Манай улсын гадаад, дотоод байдал хурцадсан тул 1929-1931 онд УАХБ-ын эрх, үүргийг боловсронгуй болгож ажлын удирдлагыг төвлөрүүлэн нэгтгэх, ажиллах зарчмыг оновчтой хослон төрөлжүүлэх шаардлага тулгаран шинээр Нууц явдлын хэлтэс, Нууц улс төрийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Эсэргүүцэн тагнах хэлтэс, Тусгай хэлтсүүдийг байгуулжээ.
Ийнхүү улс орны гадаад, дотоод нөхцөл байдалд нийцүүлэн Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 21 дүгээр хурлаар тус газрын дүрмийг шинэчлэн баталж, Дотоодыг хамгаалах газрыг “Дотоодыг хамгаалах ерөнхий газар” гэж нэрлэхээр тогтож, чиг үүргийг нь хувьсгалт цэргийн дотор сөрөх тагнуулын ажил явуулах, буу зэвсэг бүртгэх ба хураах, гадаадын харъяат нарт паспорт визийг олгох, улсын хэмжээнд шифрийн ажлыг эрхлэх, тус улсын хэвлэлийн газар болон цахилгаан утасны ажлыг хянах, улсын хөрөнгийг хувьд ашиглах ба шамшигдуулах, эдийн засгийн хүчин чадлыг бууруулах, хөрөнгөтөн улсуудад тусыг хүргэх гэсэн эдийн засгийн тагнуул хийх, гадаадын валютыг хуурамчаар үйлдэх, контрбанд ба хил зөрчигчидтэй тэмцэхээр заасан байна.
1932 онд тус газарт цагдан сэргийлэх байгууллагыг харъяалуулж, улсын хилийн хамгаалалтыг 1933 оноос хариуцуулав. Түүнчлэн тус газрыг 1936 онд Дотоод Явдлын Яам болгож, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар, Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх үйлдвэр лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, захиргаа аж ахуйн хэрэг эрхлэх газар, Санхүүгийн хэрэг эрхлэх газартай болгожээ. Ийнхүү эдгээр байгууллагуудыг нэгэн удирдлагад төвлөрүүлснээр нийгмийн аюулгүй байдлыг сахиулах байгууллагуудын нэгдсэн систем бүрэлдэн тогтож, шинэ шинэ чиг үүргүүд нэмэгдсэн байна. Тухайлбал, ДЯЯ-ны дүрэмд “ ... улсын дотоод аюулгүй байдлыг сахиж хамгаалах, хувьсгалын эсэргүү ажил явууллагуудтай тэмцэх, тагнуул ба хорлон сүйтгэх явдалтай тэмцэх, эдийн засгийн тагнуултай тэмцэх, улсын хилийг батлан хамгаалах, контрбанд үйлдэх буюу хил хязгаарыг зөрчигчидтэй тэмцэх, ард түмний амгалан тайван байдлыг сахиж хамгаалах, улсын ба олон нийтийн өмч хөрөнгийг хамгаалах” зэргээр чиг үүрэг ерөнхий шинжтэй тусгагджээ.
Тагнуулын байгууллагын ажлын амжилт, үйл ажиллагааны үр дүн удаан үргэлжилж чадсангүй 1930-аад оны сүүл үед иргэдийг үй олноор баривчлах, хорих зэргээр их хэлмэгдүүлэлтийн ажил эхэлжээ. Энэ нь юуны өмнө Монголын төр засгийн эрхийг гартаа авсан зүүнтний алдаатай бодлого, ДЯЯ-д ажиллаж байсан Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагын сургагч, зөвлөхийн оролцоо эрх мэдэл ихсэж тус газрын ажлыг өөрсдийн арга барилаар явуулж ирсэнтэй шууд холбоотой юм. Хэлмэгдүүлэлтийн энэ жилүүдэд УАХБ-ын ажлын гол үндсэн чиглэлүүд болох тагнуул, сөрөх тагнуулын ажил үндсэндээ зогсонги байдалд орж, байгууллагын чиг үүрэг нь “Хувьсгалын эсэргүү”, “Японы тагнуул” гэх зохиомол хэргүүдийг илрүүлж, мөрдөн байцаахад чиглэгдэж байлаа.
Хэдийгээр УАХБ хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэгч болж байсан ч тус байгууллагын ажилтнуудаас хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж, алдаа завхралаа засах гэж тэмцэж, өөрсдөө ч хэлмэгдсэн олон арван шударга албан хаагчид байсан юм. Тэгээд ч энэ ажлын эхлэлийг тавьж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой болсон юм.
Халх голын дайн болон 1945 оны чөлөөлөх дайны үед УАХБ Гоминьданы болон Японы цэрэг, зэвсгийн байдал, манай улсын эсрэг ухуулга сурталчилгаа, дээрэм тонуул, тагнуулын ажил эрхэлдэг байгууллага, хүмүүс, Монгол–Зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, дүрвэн гарсан иргэдийг буцаан авчруулах, байлдааны үед цэргийн командлалыг мэдээллээр хангах зэрэг чиг үүргийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
1950-аад онд “Хүйтэн дайн”-ы уур амьсгал газар авч, БНХАУ-ын зүгээс социалист орнуудын эсрэг дайсагнах болсонтой холбогдуулан үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхиа нэмэгдүүлэхийг шаардсан тул 1959 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хамтарсан хурлын 170/160 дугаар нууц тогтоолын дагуу мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 9 дүгээр хурлын тогтоолоор Ц ба НАХХЭЯ-ыг Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болгосон байна. НАХЯ-ны бүтэцэд Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар, Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, Захиргаа аж ахуйн хэрэг эрхлэх газар, Санхүүгийн хэрэг эрхлэх газар, НАХЯ-ны эмнэлэг, Улсын архивын хэрэг эрхлэх газрууд багтах болсон бөгөөд уг бүтэц, зохион байгуулалтаар 1990 он хүртэл ажиллажээ.
1962 онд МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс НАХЯ-ны дүрмийг баталж, НАХЯ-ны гүйцэтгэх үндсэн чиг үүргийг тодорхойлохдоо: “Социалист эх орноо империалистуудын тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон дотоодын дайсагнагч этгээдийн халдлагаас соргогоор сэргийлэн хамгаалах, БНМАУ-ын дархан хилийг хамгаалах, социалист өмч, иргэдийн амь бие, хувийн болон эд хөрөнгийн эрхийг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, ял шийтгүүлэгчдэд ялыг нь эдлүүлэх газрыг зохион байгуулах, хоригдлуудыг засч хүмүүжүүлэх, галын аюулаас сэргийлэн хамгаалах арга хэмжээ авч байх, намын байгууллагуудаас хөдөлмөрчдийн дотор зохиож байгаа хүмүүжлийн ажил /улс төрийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, нийгмийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг/-д идэвхтэй оролцох, Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудын гэнэтийн дайчилгааны төлөвлөгөөг боловсруулах ба МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тусгай даалгавруудыг биелүүлэх” гэжээ.