Jump to content

Бага ойгор-Цагаан салаагийн хадны сүг зураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байршил

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгор - Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15-20 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

Баян-Өлгий аймгийн төвөөс баруун хойш 140 км орчим зайд, Улаанхус сумын нутагт орших бөгөөд хамгаалалтын үндсэн талбайг 2100 га, хамгаалалтын бүс 3600 га, нийт 5700 га-гаар хамгаалалтын бүсийг тогтоосон байна.

Нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно.

Бүртгэлжүүлэлт

1979 онд ШУА-ийн археологич Д.Цэвээндорж анх тухайн хадны сүг зургуудыг шинжлэх ухааны аргачлалаар тайлбарлан бүртгэлжүүлсэн байдаг.

1993-2005 онуудад Д.Цэвээндорж (МУ-ын ШУА-н Археологийн хүрээлэн), В.Д.Кубарев (ОХУ-ын ШУА-н Археологи, этнографийн хүрээлэнгийн Сибирийн салбар), Э.Якобсон (АНУ-ын Орегоны их сургууль), Масумото болон бусад судлаачдын хамтарсан баг нь Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалыг жил дараалан судалж энэ талын томоохон судалгааны бүтээлүүдийг Улаанбаатар, Парис, ОХУ-д хэвлүүлэн гаргаж, олон улсын судлаачдын хурал, зөвөлгөөнд танилцуулсан байдаг. 2011 онд ЮНЕСКО-н Дэлхийн өв соёлын санд 11300 га газраар бүртгэсэн.

Өнөөгийн байдал

Тус хадны зургийн цогцолбор дурсгал нь Бага Ойгор голын баруун, зүүн эргийн дагуу 20-иод км, мөн Цагаан салаа, Бага Ойгорын голын зүүн эрэгтэй нийлсэн энгэр сугаар 400 орчим метр дээш сунан үргэлжилсэн байдалтай оршино. Нийт хадны зургийг Цагаан салаа 1-5, Бага ойгор 1-5 гэсэн 10 хэсэг болгон хувааж бүртгэн тэмдэглэсэн байна. Хадны зургуудыг 2000 орчим ургаа хад болон бул чулууны гадаргуу дээр сийлсэн, нэг бул чулуун дээр дунджаар 1-180 орчим зураг, дүрс байна.

Цагаан салаа, Бага Ойгорын хаднаа чулуун үе зэвсгийн үе (одоогоос 40-12 000 жил), хүрэл, төмөр зэвсгийн түрүү үе (одоогоос 4-2 000 жил), Түрэг, Уйгур үе (одоогоос 1400-1200 жил)-д холбогдох хадны зургууд байгаа боловч ихэнх зураг нь хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед холбогддог байна.

Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн, мал гаршуулж буй, олноороо хоморголон ан ав хийж буй, сүйх тэрэгтэй явж буй, эр эмийн үйлдэл зэрэг янз бүрийн өгүүлэмжтэй зургууд маш олон байдаг. Хадны сүг зурагт үхрийн дүрслэл олон тоотой бөгөөд онцгой чухал байр суурийг эзэлнэ. Үхрийн толгой, эвэр, их бие, сүүл зэрэгт нар дүрсэлсэн нь тэнгэрийн амьтан болохыг бэлгэдсэн бололтой, мөн үхэр агнаж буй анчин, үхэр хөтөлж яваа, үхэр унасан, үхэрт ачаа ачсан зэрэг баялаг сэдэв, зохиомжоор дүрсэлжээ. Үхрийн нуруунд янз бүрийн хэлбэртэй ачаа, ачаан дотор суусан хүүхэд, олон урт залмыг ачаанаас дээш гозойлгон дүрсэлсэн байдаг нь аж ахуй, зан заншил, оюуны соёлын олон талыг харуулсан эртний хүмүүсийн түүх, соёлын чухал баримт болох юм.

Тухайн үеийн ангийн амьтан, гаршуулж буй амьтад, өдөр тутмын ажил үйлээ ийнхүү 8000 жилийн туршид үе улируулан үргэлжлүүлэн зурж үлдээсэн нь үнэхээрийн гайхамшигтай юм. Ийм урт он цагийг туулж нар салхинд бүдгэрсэн ч үндсэн шинж чанараа алдалгүйгээр өнөөг хүрсэн нь ямар их үнэ цэнэтэй дурсгал болохыг гэрчилнэ. Энэхүү гайхамшигтай байгалийн галерей нь өнөө цаг үед дэлхийн олон орны жуулчид, дотоодын аялагч нар, олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, үзэхээр зорих хүмүүсийн тоог жил ирэх тусам нэмэгдүүлж байна.

Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой. Энэ чиглэл нь талдаа 175 километр зарцуулах бөгөөд Монголын улсын хилийн дэглэмийн бүсэд нэвтрэх учраас хариуцсан байгууллагаас нь тусгай зөвшөөрөл авна.