Jump to content

Бага түргэний хүрхрээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг бол Бага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг. Хүрхрээ орчмын нутаг дэвсгэрийг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуучлалын бүсэд хамруулсан ба түүнээс дээшхи улсын хил хүртэлх 10000 орчим га талбай газар нутгийг онцгой бүсэд хамруулжээ. Хүрхрээний орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Мөн Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий. Баруун талын хяр дагаж далайн түвшнээс дээш 3000 орчмын өндөрт орших хад асгатай хэсэгт эртний түүх соёлын ховор дурсгалд тооцогддог хадны сүг зураг олон арвааар тааралдана. Алтай Таванбогдын БЦГ-ын энэ хэсэг БНХАУ – ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог юм. Сүүлийн жилүүдэд Бага Түргэний хүрхрээг зорин ирдэг аялагч жуулчлагчдын тоо өссөөр байна. Иймд хамгаалалтын захиргаанаас санаачлан ирэх зунаас Бага Түргэний аманд нэвтрэх цэг байгуулж, хүрхрээ орчмын ан-амьтан, онгон дагшин байгалийг нутгийн иргэдээр хамгаалуулж, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх түшиц газар болгохоор шийдвэрлэсэн байна.