Бадарчин 93 явган аялал

Таяг тулж, хавчиг үүргэвч мөрлөн хорвоог хоёр зээрдээрээ туулдаг бадарчингийн тухай та бишгүй л сонсоо байлгүй. Жалгаар нэг тарж, орчлонгийн явдлаас тусгаарлагдсан талын монгол-чуудад бадарчин шинэ соргог мэдээлэл тээж ирдэг байж. Бас бадарчин явсан газар балагтай ч гэдэг. Энд тэндхийн түмэн хэлийн хүмүүстэй уулзахдаа аргалахыг аргалж, залилахыг нь залилж, тус дэм болох нэгэнд нь тусалж явдаг бадарчин хэмээгч нь ямартаа ч юм үзэж, нүд тайлсан нэгэн байлаа. Гэхдээ энэ удаа би уншигч танаа шинэ цагийн бадарчингийн тухай өгүүлэх юм. Дэлхийн олон орноор унаатай, унаагүй хэрэн хэсч, Монгол гэдэг нэрийг дуурсгаж явсан энэ эрхэм бол Ичинноровын Дэндэв гуай билээ. Түүнийг манайхан “Бадарчин-93” аяллаар нь сайн мэднэ. Банхар нохойгоо дагуулан гарсан бадарчингууд Оросын өргөн уудам нутаг, Америкийг хөндлөн гулд явганаар туулсан юм. Энэ аяллаас гадна И.Дэндэв гуай дэлхийн 20 гаруй оронд ажил хэргийн болон амин хувиараа хөл тавьсан байдаг.


Нэг. Буриадаас Монголын зүгт ... Дэндэв гуайн аав Ц.Ичинноров2 1900 онд Буриадад төржээ. 1913 оны үед буриадууд элэг нэгтнээ зорин ирэх урсгалын түрүүчээр Ичинноров гуай гэр бүлээрээ Монголд ирсэн гэдэг. Ирээд Туул голын орчим мал маллан сумын намын үүрийн дарга, нэгдлийн агент зэрэг ажил хийж байв. Зүв зүгээр ажлаа хийн амар жимэр амьдарч явсан энэ айлын халуун голомтыг хэлмэгдүүлэлтийн сүүдэр тойрсонгүй. 1938 онд хилс хэргээр баривчлагдан 10 жил хорих ялаар шийтгүүлж, биеэр эдэлсэн байна. Хэрэг хийсэндээ бус буриад үндэстэн гэдэг нь шоронд орох хангалттай шалтаг байжээ, тэр үед. Ичинноров гуайн гэргий ч мөн буриад эмэгтэй. Буриадаас 1925 онд Монголд ирснээр хань нөхөртэйгээ учирч, тоонот гэрээ босгон 10 хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэдний хоёр дахь хүү нь өдгөөгийн шинэ цагийн бадарчны нэг болох Дэндэв гуай юм.

Хоёр. Эмч, хэлмэрч, сэтгүүлч Шинэ цагийн бадарчин маань 1934 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төржээ. Тэр үеийн хүүхдүүдийн л адил өсч, долдугаар ангиа дүүргэн, МУИС-ийн бэлтгэл ангид оржээ. Үүнийгээ үргэлжлүүлэн тус сургуулийн анагаах ухааны факультетийн хүн эмнэлгийн ангийг төгссөн нь 1958 он байлаа. Төгссөнийхөө дараа хаа холын Завхан аймагт хуваарилагдан Завхан аймгийн эрүүлжүүлэх 32 дугаар бригадын даргаар хоёр жил гаруй ажилласан байна. Дараа нь Өмнөговь, Улаанбаатарт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ч ажиллаж байж. 1964 онд эмнэлэг биеийн тамирын диспансерт эмчээр ажиллах болсон нь дэлхийг хэрэн хэсэх ажлынх нь эхлэл байсан гэхэд болно. Тэнд орсноосоо хойш Монгол улсад биеийн тамир спортыг хөгжүүлэх, олимпизмийн үзэл санааг сурталчлах ажилд бүхий л амьдралаа зориулжээ. И.Дэндэв гуай ажлынхаа чөлөө заваар орос, англи, франц хэлийг бие даан сурчээ. Энэ гурван хэлээр ус цас шиг ярина. Тиймдээ ч олон улсын тэмцээн уралдаан, хурал цуглаанд хэлмэрч, эмчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байв. Хожим Францын Сорбоны их сургуульд хэлний мэдлэгээ сайжруулан суралцсан гэсэн. Хэлний хувьд өдөрт хоёр цагийг заавал зарцуулна. Сурчихсан гээд хаялгүй улам л гүнзгийрүүлэн судалж суудаг байжээ. Хожим тэтгэвэрт гарсан хойноо ч өнөө л хэлээ "нухаж" суудаг байсан нь юмны оройд гарчихлаа хэмээн эрдэж бардаж яваагүйнх нь тод жишээ болох биз ээ. Түүний гэрийн номын сангийн бараг 80 хувь нь хэл шинжлэлийн холбогдолтой номууд байсан гэж хүүхдүүд нь дурсч байна. Ажил хэргийн улмаас дэлхийн олон оронд очсон, аялсан тэмдэглэлээ төвийн сонин хэвлэлд байнга хэвлүүлж, олны хүртээл болгож байсныг одоо ч харж болно. Мөн найруулагч Г.Нямдаваатай хамтран "Манай цүндгэр" хүүхдийн уран сайхны кино зохиол бичсэн нь дэлгэцэнд мөнхөрчээ. Түүний 1982 онд бичиж, хэвлүүлсэн "Аян замын тэмдэглэл" номд нь явсан газрын сонин хачин, хүн ардын амьдрал, ёс заншил, манай тамирчдын амжилт ололт, ялалт ялагдал гээд маш сонирхолтой олон нийтлэл багтсан байдаг юм билээ. Монголын тамирчид дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцож эхлэхэд Дэндэв гуай хэлмэрч, эмч бас сэтгүүлчээр байнга хамт явдаг байв5. Гурван хүний хийх ажлыг нэг хүнд даатгах нь зардал мөнгөнөөс эхлээд хамаагүй хялбар байсан биз ээ. 1967 онд Мексикийн нийслэл Мехико хотод зохиогдсон зуны XIX олимпийн тоглолтын өмнөх чөлөөт бөхийн тэмцээн, 1968 оны Францын Греноблийн өвлийн X Олимпийн тоглолт, 1976 онд Канадын Монреал хотод зохиогдсон зуны XXI олимпийн тоглолтод Монголын багийн хамгийн хэрэгтэй хүн нь манай "бадарчин" байсан гэдэг. Мөн 1974 онд Туркийн Стамбул хотод болсон Ази тивийн VII их наадам, 1975 онд Ром хотод зохиогдсон олон улсын олимпийн их хурлын төлөөлөгч, 1974, 1978 оны Азийн зуны долоо, наймдугаар тоглолт 1971 онд Японд болсон идэрчүүдийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн, 1984 онд Испанид болсон идэрчүүдийн самбо бөхийн тэмцээн, 1990 онд Итали, Японд болсон чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон тэмцээн уралдаанд эмч, хэлмэрч бас сэтгүүлчээр ажиллаж явжээ.

Гурав. Бас тамирчин Тэрээр өөрөө спортын эмч төдийгүй тамирчин байжээ. Шатар, байт сур, гүйлт, уулын спортын зэрэгтэй тамирчин, нэртэй явган аялагч юм. Завханы Отгонтэнгэр, Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан, Увсын Цагаан шувуутын оргилд гарах эр зориг шалгах, амь дүйсэн авиралтыг амжилттай хийсэн байна. Шатар ч сайн тоглоно. Тэтгэвэрт гарсны дараа хийдэг гол ажлынх нь нэг шатар байж. Өдөржингөө тоглоод алга болж өгнө. Гүйлт бол амьдралынх нь дадал зуршлын нэгээхэн хэсэг байсан гэхэд болохоор аж. Учир нь халуун, хүйтэн, цас, бороонд ялгаагүй долоо хоногт 60-70 км зам гүйдэг байв. Гүйлтийн маршрут нь Улсын Их дэлгүүрийн урдаас зүүн тийшээ гүйж, Эрүүлийг Хамгаалах яамны хажуугаар Их тэнгэрийн засмалд орж, Их тэнгэрийн гүүрээр гарч, Туул голын урд хаяагаар Зайсан толгойн чиглэлийн автобусны замыг даган гүйсээр гарсан газраа ирдэг байж. Эхэндээ ганцаараа гүйдэг байснаа сүүлдээ бараг нэг том баг болсон гэдэг. Учир нь гүйлтэндээ 30-40 хүнийг уруу татаж, идэвхтэй гүйгч болгожээ. Гүйхээс гадна өвлийн идэр есийн хүйтэнд Туул голын харзанд тогтмол ордог заншилтай байж. Тиймдээ ч ханиад энэ тэр хүрч байгаагүй гэдэг.

Дөрөв. Аялагч Аялах гэдэг хоббигоо жинхнээр нь биелүүлсэн хүн бол мөн л бидний яриад байгаа эрхэм билээ. Ажил төрлийн шугамаар дэлхийн олон оронд очихоос гадна явганаар олон зуун км замыг туулжээ. Үүний жишээнд "Бадарчин-93"-ыг нэрлэж болно. Монголоос гараад Америк хүрэхэд 9785 км алхсан гэдэг юм. Тэр үед И.Дэндэв гуай 60 настай байжээ. Багийн бусад гишүүд нь Житкундогийн холбооны ерөнхий захирал П.Батзориг, дасгалжуулагч Л.Нацагням, Монголын цэвэр цусны банхар нохой нар. Залуу, дунд, ахмад гурван үеийн төлөөлөл банхараа дагуулж гараад жил хоёр сарын дараа явсан зорилгоо биелүүлээд эх орондоо эргэн ирж байсан нь саяхан мэт. Тэдний аялал амар хялбар байсангүй. Монголоос гараад Якут хүрэхэд ивээн тэтгэнэ гэж амлаад байсан газар нь мөнгөө шилжүүлээгүйгээс болж нэг сар тэнд саатжээ. Тэгээд П.Батзориг Улаанбаатарт эргэн ирж хэдэн төгрөг олоод аяллаа цааш үргэлжлүүлж байв. Якутын эзгүй зэлүүд газраар явахад баавгайд бариулах аюулаас банхар нь аварч байж. Усгүй, хэлэн дээрээ тавих хоолгүй өдрүүд олонтаа таарч байсан төдийгүй банхрын хоолыг өөрт нь даатгаад орхижээ. Учир нь банхарт илүүчлэх хүнсгүй өдрүүд олон тохиож байлаа. Харин нохой нь энд тэндээс сэг зэм чирч эздэдээ авчирч өгөх үе ч гарч байжээ. Түүнийг угааж цэвэрлэн хооллож явсан гээд адал явдал, амь өрссөн үйл явдал олон таарч байсан тухай дурсамжинд нь тэмдэглэгдэн үлдсэн байна. И.Дэндэв гуай Оросын нутгаар явахдаа орос хэлээр, Америкт англи хэлээр, франц хүмүүстэй хөөрөлдсөнөө францаар тэмдэглэсэн байв. Америкт Аляскаас эхлэн дорнын гар зодооны урлагийн домогт мастер, алдарт Брюс Ли-г онголсон Сиэтл хотоор дамжин Америкийн Сан Диего хот хүртэл аялжээ. Брюс Лиг хүндэтгэхээр Азийн Монголоос явганаар ирсэн гурван аялагчийн тухай Америкийн сонинд зурагтайгаа гарч байв. Банхар нохойн хөл нь улдаад явж чадахаа байсан учраас Орост орхиод очсон гэдэг. Тэдэнд эх нутаг руугаа буцах зардал байсангүй. Харин Америкт байдаг Түвд эзэдтэй нэгэн төрийн бус байгууллага их тус болжээ. Сонинд аялагчдын тухай сонирхолтой зар гаргаж, үзүүлэх тоглолт хийнэ хэмээн зарлажээ. Түүнд нь дорнын бие хамгаалах урлагийн байгууллагууд сайн дураараа тоглолт хийж өгснөөс гадна өөр урлагийн үзүүлбэрүүд ч багтсан байв. Тасалбар нь таван ам.доллар. Тэндээс цугласан мөнгөөрөө буцах зардлаа хийжээ. Тэд замдаа үнэнч банхараа аваад ирсэн билээ. Бадарчингуудыг ирэхэд тухайн үеийн Ерөнхий сайд байсан П.Жасрай агсан "Гиннесийн номд оруулах талаар хөөцөлдөнө" гэж байсан нь их л урам өгч байсан гэнэ. Харин Гиннесийн номд оруулах тухай тэгсхийгээд дарагджээ. И.Дэндэв гуай төдий өндөр насандаа явган аялал хийх шийд гаргасан нь угийн сонирхолтойгоос гадна өөр шалтгаан байжээ. Учир нь тэр үед хайртай хүү нь өөд болоод удаагүй байж. Сэтгэлийн их шаналал, харууслаа мартагнах гэсэн зорилго байсан болохоор гэрийнхэн нь ч хориглосонгүй. Үүнээс гадна Австралид очиж зургаан сар аялжээ. Америкт байхдаа өөртэйгээ адил хоббитой нэгэн аялагч австрали эртэй танилцсан нь Монгол руу И.Дэндэв гуайд хаяглан урилга илгээжээ. Тэгээд Австралид очиж 4500 орчим км замыг явганаар туулсан гэдэг.

Тав. Архины эсрэг ... thumb Архи, тамхи түүний огт хэрэглэдэггүй зүйлийн нэг байв. "Бадарчин" аяллын явцад Оросын бага ястнууд архинд хэрхэн орж, амьдрал нь сүйдэж байгааг нүдээр харжээ. Тэгээд энэ талаар арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт НҮБ-ын нарийн бичгийн даргад хаяглан илгээжээ. Хариу нь ч ирсэн бөгөөд И.Дэндэв гуайд талархаад яг энэ ажил НҮБ-ын хийх ажлын хүрээнд багтдаггүйг тайлбарласан байв. Энэ хариу бичиг тухайн үед өдөр тутмын сонинд хэвлэгдэж байжээ. Өдгөө И.Дэндэв гуай маань бурхны оронд заларсан билээ. Магадгүй, тэнд ч дуртай ажлаа хийгээд явж байгаа биз ээ.