Бадрахын Ламзав
Бадрахын Ламзав (1909 онд Засагт хан аймгийн Гурван сайхан Жаргалант уулын хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт төрж, 19.. онд нас барсан) - БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улаанбаатар хотын захиргааны дарга, Төрийн зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр малчин ардын гэр булд 1909 онд төрсөн. 20 хүртэл насандаа бусдад зарцлагдаж мал маллаж, өртөөний улаач зэрэг ажил хийж байгаад 1929 онд Завхан аймгийн төвийн түр сургуульд 3 сар суралцаж, улмаар Улаанбаатар хотод ирж хоршоодын холбооны нягтлан бодохын сургуульд нэг жил, мөн техникумд нэг жил суралцан төгсжээ. 1952-1955 онд Намын дээд сургуульд суралцаж төгсөөд улс төрийн дээд боловсролтой болсон байна. 1931-1932 онд Улаанбаатар хот, Төв аймгийн намын хороонд зааварлагч, 1932- 1934 онд цэргийн алба хааж, 1934-1941 он хүртэл Дотоод яаманд туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, хэлтсийн даргаар ажиллаж байсан.
1941-1951 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч, 1951-1952 онд Хоршоодын Төв Холбооны дарга, 1955-1956 онд Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газрын дарга.
1956 онд Улаанбаатар хотын захиргааны дарга, 1956-1957 онд Техникийн тусламжийн газрын дарга, 1957-1958 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдааны зөвлөх, 1958-1960 онд БНМАУ-ын Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн газар зохион байгуулагч, 1960-1969 онд Мах комбинатын өргөтгөлийн захиргаанд аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.
Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын анхдугаар сонгуулиар АИХ-ын депутат, МАХН-ын Төв Хороо, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож байсан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Б.Ламзавын ажлын бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор хоёр удаа, “Алтан гадас" одон, бусад медалиудаар, мөн ЗХУ-ын Улаан таван хошуу одонгоор шагнуулж байсан.