Jump to content

Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн суурь судалгаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уул уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй суурь судалгаа, түүний үр дүнд үндэслэсэн төлөвлөлт чухал юм. Сайн төлөвлөлтийг зөвхөн сайн судалгаанд тулгуурлан боловсруулах боломжтой.

Төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг дараах 3 үндсэн чиглэлээр гүйцэтгэдэг. Үүнд:

• Уурхайн үйл ажиллагааны суурь судалгаа (геологи, ордын өрөмдлөгийн судалгаа, дэд бүтцийн судалгаа).

• Экосистемийн (байгаль орчны) суурь судалгаа (уурхай байгуулах орчны ургамалжилт, хөрс, зэрлэг ан амьтад, ус зүй, уур амьсгал, газар ашиглалт, археологи, ховор амьтан, ургамлын зүйлийн судалгаа).

• Нийгэм-эдийн засгийн суурь судалгаа (уурхай байгуулах нутгийн нийгэм, эдийн засгийн байдал, соёл, уламжлал, аж ахуй эрхлэлтийн байдал г.м.)

Эдгээр суурь судалгаа нь төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажил болгон төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулахад хэрэглэгдэх учиртай. Түүнчлэн уурхайн үйл ажиллагааны явцад байгаль орчны хяналт, шинжилгээ явуулах шаардлага гарах бөгөөд хяналт, шинжилгээний ажлын суурь мэдээ, баримтыг тус судалгаагаар бүрдүүлнэ. Мөн уурхайн нөхөн сэргээлтийн үр дүнг эцэст нь энэхүү суурь судалгааны мэдээтэй харьцуулан дүгнэх учиртай юм.

Экосистемийн суурь судалгааны хүрээнд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөх олон чухал мэдээллийг бүрдүүлж чадна. Тухайлбал уурхай байгуулагдах талбай болон орчны бүсийн ургамалжилтын судалгаагаар ургамлын зүйлийн бүрдэл, зонхилох ургамлын эвшил, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой ургамлын зүйлүүдийг урьдчилан шалгаруулах боломжтой.