Балдандоржийн Туяа
Балдандоржийн Туяа нь Монгол Улсын гавьяат жүжигчин. Хошин урлагийн жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Балдандоржийн Туяа нь 1958 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн
1974 онд наймдугаар ангид сурч байхдаа “Нэг ангийн хоёр” кинонд тоглосноор түүний жүжигчний гараа эхэлсэн байна. Хүүхэд, залуучуудын театрт 15 жил, хошин урлагийн театрт 11 жил ажиллаад, 2001 оноос “Өнгөт инээд” хамтлагт ажилласан.
“Миний чин зориг”, “Бяцхан найз” жүжиг, “Би нисэх дуртай”, “Бэрсүүт жүрж”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш” зэрэг уран сайхны кинонд тогложээ. МУГЖ Дамдинсүрэнгийн Сосорбарам, Батзанын Батзаяа, Лувсангомбын Чаминчулуун нартай анх хошин урлагийн гарааг тавьж байсан.
Б.Туяа нь урлагт 40 гаруй жил зүтгэсэн бөгөөд түүний “Хэрвээ би..”, “Цэрэг эрийн шүлэг” зэргийг нь үзэгч олон түмэн сайн мэддэг. Монголын хошин урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон, алиа хөөрхөн, хүүхэд зантай Б.Туяа мөлхөө жаалаас авахуулаад хөгшин эмгэний дүрийг чадварлаг сайн бүтээдэг.
Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин байхдаа Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнуулсан. Хошин урлагт авьяас билгээ сорьж “Алтан загас”, “Ромео Жульетта” зэрэг олны сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээсэн байна.
2000 оноос хойш өөрийн хамтлаг болон “Шинэ үе” продакшн, “Эрхэм элч” нэгдэл, “Инээдмийн ТҮЦ” хамтлагийнхантай хамтран “13 ааш”, “Гурван сарын баше”, “Соёолон тарваганы тоос”, “Доголон могой”, “Ширэнгэнд өнгөрүүлсэн өдрүүд”, “Инээдмийн ТҮЦ-1,2” зэрэг томоохон уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээж тоглосон байна. Телевизийн “12 давхар” нэвтрүүлгийн “Долоон давхрын театр” буланд олон удаа идэвхтэй оролцжээ. Хүүхэд багачуудад зориулж “Хэргийн эзэн”, “Дисней Лэндэд Туяа” гэх мэт бие даасан уран бүтээл хийжээ. Ахмадууд, хүүхдүүд, нийгмийн эмзэг хэсгийнхэн болон оюутнуудад зориулсан хандивын тоглолтууд хийсэн байна. Хүүхдийн дүр бүтээх, хүүхдийн дуу дуулахдаа илүү чадамгай уран бүтээлч ажээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- “Алтан гадас” одон,
- Засгийн газрын Хүндэт жуух бичиг
- 2004 оны 12-р сарын 28-нд Монгол улсын гавьяат жүжигчин