Jump to content

Балчинжавын Долгион

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Балчинжавын Долгион (1955 оны 5-р сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн-2025 оны 4-р сарын 22-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, сэтгүүлч, продюссер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч.

Файл:Dolgion.B.jpg
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, "Пентатоник" академийн ерөнхийлөгч, сэтгүүлч, продюсер, хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион

Тэрээр 1955 онд Улаанбаатар хотод төрсөн, түүний эцэг Балчинжав гэж малчин ардын гэр бүлд төрж өссөн, сэхээтэн хүн байжээ. Балчинжав нь үндэсний үзэлтэй, түүгээрээ буруутгагдаж явсан байна. 1962 онд эцэг нь томилолтоор ЗХУ-д явахад тэрээр Москвад дунд сургуулийн 1-р ангид элсэн орж сурч байсан.

1962-1964 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Ерөнхий боловсролын 103-р дунд сургууль, 1964-1972 онд Улаанбаатар хотод Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг тус тус төгсөж, 1972-1974 онд Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Дээд сургуулийн Улс төрийн ангид суралцжээ.

Долгион тавдугаар ангидаа гитар хөгжимд автаад бүр сургуулиа хаяж байсан гэдэг. “Соёл эрдэнэ” хамтлагийн гавьяат Дэмчигдоржийн Галсанбат агсан түүнтэй нэг ангид сурч байжээ. Тэр хоёр нийлээд гитар хөөж хичээлээ сар тасалчихаад байтал эцэг нь мэдэж, түүнийг чихдээд сургуульд нь эргүүлээд явуулжээ. Сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан байна. Үүнийхээ дагуу эцэстээ сэтгүүлч болж цаг заваараа хөгжим хөөсөөр сүүлдээ хөгжим рүү бүрэн орсон гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлсэн байна.

Тэрээр ажлын гараагаа 1974 оноос Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны Гадаад харилцааны хэлтэст рeфeрeнтээр эхлүүлж, 1978-1996 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо /МРТУХ/-ны харьяа МОНЦАМЭ агентлагт 20 гаруй жил ажиллахдаа орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины орчуулагч, хянагч, ерөнхий редактор, 1996-1998 онд "T&U" ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэх захирал, 1998-2010 онд "Сансар" тeлeвизийн “S music” хөгжмийн сувгийн захирал, 2010 оноос өнөөдрийг хүртэл “Хотын соёл” контент нэвтрүүлгийн хөтлөгч редактор хийж, сэтгүүл зүйн салбарт тасралтгүй 50 гаруй жил ажилласан.

“Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны гишүүн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Б.Долгион нь алдарт “Инээмсэглэл” хамтлагийг үүсгэн байгуулж, түүхэн замналын хугацаандаа 200 гаруй уран бүтээлийг туурвисны дотроос түүний зохиосон “Урин хавар ирлээ”, “Хослон” дуулъя”, “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл”, “Сэхүүн салхи”, “Шүүдрийн ганцхан дусал”, “Ганцхан чамдаа”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Инээмтгий хүн”, “Цасан үлгэр”, “Намрын гуниг”, “Учралын блюз” болон “Тайтгарал” зэрэг хит дуунууд нь ард түмний сэтгэлд хоногшин үлдэж, хүн бүрийн сонсох, дуулах дуртай дуу болж, үүгээрээ Монголын дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлэн, урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан шилдэг уран бүтээлч юм.

Монголын рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр

[засварлах | кодоор засварлах]

Б.Долгион нь нэрт уран бүтээлчээс гадна Монголын залуу хойч үеийн оюун санааны хөтөч, итгэл найдвар, тулах цэг нь болж, урлагт дуртай хэн бүхэнд жигүүр ургуулан, өсөж өндийхөд зүрх сэтгэлээ зориулж чаддаг шилдэг продюсер байсан төдийгүй Монголын рок поп хөгжмийн урлагийн уран бүтээлчдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн “Пентатоник” академийн ерөнхийлөгчөөр сүүлийн 20 шахам жил манлайлан ажилласан. Тэрээр дэлхийн болон Монголын рок поп хөгжмийн түүхийн арвин сан хөмрөгтэй үзэгч, сонсогчдыг ойртуулж, иргэдийн хөгжмийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд өөрийн амьдрал, үнэт зүйлээ зориулан нийгмийн салбар бүрд үр бүтээлтэй ажилласан залуу уран бүтээлчдийг халамжлан хүмүүжүүлэгч, нэрт соён гэгээрүүлэгч юм.