Jump to content

Баруунтан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үндэсний ардчилсан үзлийн гол шугамыг баримталж, улс үндсээ дээдэлсэн үзэлтнүүд

Монголын удирдагч Д.Бодоо, С.Данзан нарын үеэс эхлэлтэй хөгжлийн үндэсний ардчилсан чиг баримжааг Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Ж.Гэлэгсэнгэ, Б.Дугаржав, Н.Хаянхярваа нар 1928 оны эх хүртэл тууштай үргэлжлүүлж байсан юм. Зөвлөлт хэв маягийн социалист өөрчлөлт Монголын нөхцөлд тохирохгүй хэмээн үзэж, нийгмийн амьдралын бүх салбарт өрнөсөн ардчилсан өөрчлөлтийг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байсан үндэсний ардчилсан үзэлтэй тэдгээр Монголын удирдагчдыг “баруунтан” хэмээх нэр хаяг зүүж, албан тушаалаас нь зайлуулсан билээ. Коминтерны зүгээс дэс дараатайгаар эл үйл ажиллагааг гүйцэтгэхдээ юуны өмнө хүчний байгууллагуудыг сулруулсан агаад дараа нь цэргийн анги, байгууллагуудыг улс төрийн үйл ажиллагаанаас тусгаарлаж, ЗХУ-д сургууль төгсөгчдөөс дайрагч отрядуудыг бэлтгэж, намын гишүүдийг дотор нь хагалан бутаргаж, баруун, зүүнээр нь талцуулан сөргөлдүүлж чадсанаар төрийн эргэлт хийж “баруунтан” нарыг бут цохисон байлаа.

Коминтерн эдгээр Монголын удирдагчдыг “баруунтан” нэрийн дор буруутган үндэсний эрх ашгаа дээдэлсэн, бие даасан бодлого явуулах эрмэлзлэлийг цаашид гаргуулахгүйгээр нухчин дарах зорилго агуулж түүнээ гүйцэтгэсэн билээ. “Баруунтан “-нууд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчид, чин халуун сэтгэлт эх орончид байв.