Батлагдсан нөөц
Илрэл дээр явуулсан геологи хайгуулын судалгаагаар цаашид орд болох, эс болох эсэхийг шийдвэрлэдэг. Хайгуулын шатанд илрэлээс орд болох нь 1000-д нэг байдаг бөгөөд хайгуулын салбар эрсдэл ихтэй салбар юм. Хайгуулын шатанд тогтоогдсон ашигт малтмалын хэмжээг нөөц гэх бөгөөд ордын цар хэмжээг тодорхойлогч ашигт малтмалын хүдэр ба агуулагч чулуулгийн контакт хэсэгт агуулагдаж байгаа ашигт компонентийн тоон хэмжээг хэлнэ. Нөөцийг эдийн засгийн үр ашгаар нь балансийн ба балансийн бус гэж ялгадаг. Балансийн нөөцөнд хүдрээс ашигт компонентийг үйлдвэрийн аргаар ялган авахад эдийн засгийн хувьд ашигтай байх нөөцийг хамруулдаг. Эдийн засгийн тодорхой ашиггүй бол тийм нөөцийг балансийн бус гэдэг. Нөөцийг Баялаг, Таамаг нөөц, Батлагдсан нөөц гэж гурав хуваан үздэг.Баялаг гэдэг газар доор хэр хэмжээтэй байгааг мэдэхгүй боловч байгаа гэдгийг мэдэж байгаа үед хэлэгддэг. Таамаг нөөц гэдэг судлаачид тойм баримжаагаар тэр хавьцаа хэмжээний ашигт малтмал бий гэж үзэж байгаа үед хэлэгддэг. Таамаг нөөцийн дараа хайгуулын ажил явагдаж батлагдсан нөөц гардаг. Энэ илүү нарийн аргаар тооцож гаргасан байдаг бөгөөд таамаг нөөц нь ихсэх юм уу , багасдаг байна. Батлагдсан нөөцийг Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулдаг.