Jump to content

Батын Цэрмаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батын Цэрмаа /1927/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Урчуудын артелийн хатгамалчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1970-06-04. №102/. Эмэгтэй. Орон нутагтаа, ээжийгээ дагалдан дайлан, аяганы уут, тамхины сав дээр зүү ороож, монгол үндэсний хээ угалз хатгах, оймсны хараа шаглах, ширдэг ширэх зэрэг гэр ахуйн гар урлалын ажилд сонирхон суралцаж уран хатгамлын анхны мэдэгдэхүүнтэй болсон байна. 1945 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж гэр орноороо хатгамалч сүлжмэлийн ажил хийж байгаад “Маршал Чойбалсангийн хөрөг”, Маркс, Энгельс, Ленин, Сталины дүрийг оёж, эдгээр бүтээлээрээ улсын уралдаанд нэгдүгээр байр, 1949 онд И.В.Сталины 70 насны ойн үзэсгэлэнгээс тусгай шагнал, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ. 1952 оноос үйлдвэрлэл хоршооллын харьяа урчуудын артельд ажилд орж нормт ажлаа хийхийн хажуугаар тэндхийн уран бүтээлчдийн нөлөөгөөр жил бүр дотоод, гадаадад нээсэн үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ амжилттай оролцож “Манай эх орон”, “Ленин Разливт”, “Монгол-Зөвлөлтийн дайчин нөхөд”, “Домогт гурван жанжин” /Д.Сүхбаатар, С.Магсаржав, П.Щетинкин/, “Төлчин”, “Бэлчээр”, “Хөдөлмөрчин эмэгтэйчүүд”, “Янгир ямаа хаданд” гэх мэт олон бүтээл туурвисан байна. Эдгээрээс “Манай эх орон” зээгт наамал нь Монгол ардын хувьсгалын 50 жилийн ойн нэрэмжит уран бүтээлийн уралдааны тусгай шагнал хүртэж, Ардын хувьсгалын 50 жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэнг Европын социалист орнуудад байгуулахад болон Парист байгуулсан олон улсын ЮНЕСКО-гийн үзэсгэлэн, 1976 онд ЗХУ-д зохиосон Монголын соёлын өдрүүдийн үзэсгэлэнд тавигджээ. Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, Ж.Гүррагчаа, Ленин, Брежнев, Косыгин, Плиев, Жуков, Фидель Кастро гэх мэт түүхт дотоод, гадаадын нэр цуутай олон хүний хөргийг хатган бүтээсний гадна хөөрөгний дайлан, тамхины уут, тоорцог малгай зэрэг үндэсний гоёмсог хээ угалзыг өнгө уусган мэтгэсэн бэлэг дурсгалын олон арван зүйл урласан байна.