Jump to content

Баян-Өндөрийн булш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Түрүү хүрлийн үеийн Хэмцэгийн соёлын оршуулгын цогцолбор.

Ховд аймгийн Булган сумын төвийн араар орших баруун зүүн чиглэлд 20 км гаруй сунаж тогтсон ар өврөөсөө олон суга салаатай хадархаг уулыг Баян-Өндөр гэнэ. 2008 онд Ховд аймгийн түүх археологийн дурсгалуудын бүртгэл баримтжуулалтын ажлын явцад уг дурсгалыг Баян-Өндөр-3-4 хэмээн дугаарлажээ. Үүнээс холгүй орших Хэмцэгийн соёлд хамаарах 2 булшийг Монгол-Оросын хамтарсан экспедици газрын бичил нэрээр нь Хэвийн ам хэмээн нэрлэж судалжээ.

Баян-Өндөрийн булш нь Булган голын баруун эрэгт голын дэнж дээр оршино. Энэхүү дэнжийн дагуу урдаас хойш цуварсан байдлаар 6 булш оршиж буй. Эдгээрийн хамгийн хойд талын бөгөөд хамгийн том нь Хэмцэгийн соёлд хамаарах юм. Харин бусад нь хөгжингүй хүрлийн үеийн Баян-Өндөрийн хэлбэрийн булшнууд байжээ.

Баян-Өндөрийн Хэмцэгийн соёлын булш нь 20 м голчтой, 1,4 м өндөр шороо чулуу холимог дараастай. Хүрээг нь нимгэн хавтгай чулуугаар хийсэн нь эвдэрч зөвхөн хойд болон баруун, зүүн талуудад тус бүр хоёр том чулуу үлджээ. Чулуун дараасын төв хэсэгт 2,9х1,7 м хэмжээтэй чулуун хайрцаг бий. Үүнийг 1 м хүртэл өндөртэй нимгэн хавтгай чулуудыг босгож хийжээ. Анхандаа мөн адил хавтгай чулуун тагтай байсан нь тонож сүйтгэх үед эвдэрсэн байна. Оршуулгын түвшинд 1 м гүнд голын хайрган чулуудаар шаллаж дэвссэн болох нь илэрсэн бөгөөд хүний муу хадгалалттай яснууд замбараагүй байдалтай илэрсэн байна. Энэхүү булшинд малтлагын янз бүрийн үед 3 хэсэг хүний яснууд илэрсэн байдаг. Булшинд дагалдуулан жижиг ясан сувс, 2 ширхэг чулуун аяга, гонзгой чулуун туйван, чулуун зэвсгийн ялтас зэрэг эд өлгийн зүйлс гарчээ.

Баян-Өндөрийн булш нь НТӨ 2600-2400 онд хамаарах нь цацраг идэвхт нүүрстөрөгчийн аргаар тогтоогдсон байна. Энэ булш Монголын баруун хэсэгт илэрсэн хамгийн эртний булшны нэг болохын хувьд эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.