Бий булагийн балгас

Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барь байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан. Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.