Бионүүрс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бионүүрс нь ургамал, амьтны органик түүхий эдийг агааргүй орчинд халаах аргаар үйлдвэрлэсэн, ус агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй сэвсгэр, нунтаг нүүрс юм. Ургамал, амьтны гаралтай органик материал гэдэгт бүх төрлийн ой модны хаягдал, хатсан ургамлын үлдэгдэл, сүрэл, навч, мөчир, иш болон бүх төрлийн мал амьтны өтөг бууц, багтдаг. Бионүүрс маань ямар түүхий эд ашиглаж, ямар арга технологиор үйлдвэрлэснээсээ хамаараад маш олон төрлийн, янз бүрийн шинж чанартай байдаг тул ашиглах хэрэглэх зориулалт нь ч гэсэн өөр өөр байдаг. Бионүүрс маань өөрөө хөрсний органик карбон болон үржил шимийг хадгалдаг, хөдөө аж ахуйн хог хаягдлыг багасгадаг, мөн сэргээгдэх цэвэр эрчим хүч нийлүүлдэг ашигтай. Биомассаас энерги гаргаж авах ердийн арга нь биологийн түүхий эдүүдийг зүгээр л шатаан энерги болгож, хувиргаснаараа хөрсний нөхөн сэргээлтийн асуудлыг орхигдуулахад хүргэдэг бол бионүүрс үйлдвэрлэх процесс нь эрчим хүч гарган авах болон хөрс сайжруулах хоёр хэрэгцээг хоёуланг нь хангаж өгөх бололцоотой .

-Манай орны хувьд таван хошуу малаас гарч буй ялагдасын хэмжээг тооцоолж үзэхэд жилд 60 сая орчим тонн болдог. Иймд бионүүрс үйлдвэрлэх боломж манай оронд тэр дундаа хөдөө аж ахуйд илүү байгаа нь тодорхой л доо. Түүнчлэн мод, ургамлын хаягдал, навч, сүрэл, хот, хөдөөгийн ахуйн хаягдал зэрэг эх үүсгэвэрийг оруулаад тооцоолбол түүхий эдийн нөөцийн хэмжээ улам бүр нэмэгдэх боломжтой.

Малын ялагдасыг яаж нүүрс болгох технологи

-Ерөөсөө био нүүрс үйлдвэрлэх ерөнхий зарчим нь органик гаралтай түүхий эдийг агааргүй орчинд халаах пиролиз буюу нэрэх технологи юм л даа. Аливаа биомассыг агааргүй орчинд халаагаад нүүрсжүүлэх процессыг пиролиз технологи гэж нэрлэдэг. Үйлдвэрлэх энгийн технологи нь модны нүүрс гаргаж авах уламжлалт аргатай адилхан боловч утаа үүсгэгч хий, тосны алдагдлаас сэргийлэх зориулалттай металл торх гэх мэт зарим нэг тоног төхөөрөмж ашигладагаараа бага зэрэг ялгаатай. Бионүүрсдээ тохирсон эрдэс хольж өгдөг юм. Бид бионүүрсийг өндөр болон нам температураар боловсруулах явцад дулааныг нь ашиглан цахилгаан гаргах, дайвар бүтээгдэхүүн байдлаар шатаах хий, үнэрт тос гаргаж авах боломжтойг тооцоолж зууханд нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулчихсан. Энгийн хялбар хийцтэй өрх гэрийн нөхцөлд ашиглаж бионүүрс гарган авах зуухны биет загвар зураг төслийг хийж туршсан.

Бионүүрсийг газар тариалан, эрчим хүч, мал эмнэлэг, анагаах ухааны салбарт янз бүрийн зориулалтаар өргөн ашиглах боломжтой. Хөрсний ус, шим тэжээлийг тогтоон хадгалахад тустай, нунтаг, сийрэг, нүхэрхэг бие бүтэцтэй болохоор үүнд агуулагддаг нүүрстөрөгч нь хөрсөнд 500-1000 жилийн турш хадгалагдан үлддэг тул доройтолд орсон хуурай цөлөрхөг хөрсийг ургамалжуулахад хэрэглэгдэх амин чухал хэрэглэгдэхүүн гэж эрдэмтэн судлаачид нотолчихоод байна. Бионүүрсийг хөрсөнд холиход хөрсний бүтэц, үржил шим, ус тогтоох чадварыг сайжруулан аливаа ургамлын ургалтыг дэмждэг учраас газар тариалан, цөлжилтийн эсрэг хөтөлбөрүүд, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт,хөрсний нөхөн сэргээлтэд ашиглахад тустай. Мөн бионүүрсийг тусгай барьцалдуулагч материал ашиглан шахмал хэлбэрт оруулж, утаагүй шахмал түлш хийж болно. Эсвэл маш сайн нунтаглаад өндөр технологи ашиглан, нунтаг нүүрснээс эрчим хүч гарган авдаг цахилгаан станцууд хэрэглэх боломжтой. Ус, агаар цэвэршүүлэгч шүүлтүүр хийж ч болно. Тэр ч бүү хэл мал, амьтныг эрүүлжүүлэх хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Гэдэс дотор цэвэрлэх, хордлого тайлах үйлчилгээтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж болдог. -Бионүүрс бол химийн бордоо биш. Гэхдээ энэ бол хөрсний бүтцийг сайжруулж,хөрсний микро организмуудын амьдралыг тэтгэх чадвартай органик идэвхжүүлэгч. Бионүүрсийг хөрсөнд хичнээн их хийх тусам ургамал амьтанд хор болдоггүй, харин ч ашигтай. Бидний судалгаагаар 1 гр хөрсний бактерийн тоо ерөнхийдөө 300 мянга орчим байсан ба харин бионүүрс хийсний үр дүнд 1 гр хөрсний бактерийг 300 сая хүртэл нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрсний бактерийн тоо эрчимтэй нэмэгдэж, түүний тусламжтайгаар хөрсөн дахь органик бодисын задрал эрчимтэй явж, хөрсний байгалийн үржил шим нэмэгдэж тухайн талбайд тарьсан ургац тогтвортой нэмэгдэх боломжтойг харуулж байгаа юм. Эрдэс болон шим бордоо шиг бороо цасны усанд урсаад алга болдоггүй.