Jump to content

Би Монгол хүн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Би Монгол хүн" алдартай шүлгийг ардын уран зохиолч, яруу найрагч Чойжилын Чимид 1945 онд зохиосон байна.


Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа Өлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан

Алсын бараа ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад

Үлээж байгаа салхи нь

Үнсээд байгаа ч юм шиг

Өршөөлт ээжийн минь гар

Илээд байгаа ч юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад

Элэг зүрх минь догдолж

Хосгүй баярын нулимс

Хоёр нүдий минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа

Өвчүүн дээр нь төрөөд

Өнөр уудам талынхаа

Өнгөт амьдралын төлөө

Амь биеэ зориулдаг

Ариун нандин заншилтай

Өвгөд хөгшид дээдсийн минь

Үрээ гэж найдаад

Үлдээж надад өгсөн

Өнөр Монгол орны

Нар нь намайг гийгүүлж

Нарийн салхи нь үлээж

Намираа хур нь тэжээж

Найртай сайхан орон минь

Надтай хувь нэг байдаг тул

Унасан энэ нутгаа би

Өөрийн бие шиг хайрлаж

Угаасан тунгалаг мөрнөө би

Эхийн сүү шиг санадаг

Энэ нутагтаа би эзэн нь юм

Энхрийлэлд нь өссөн хүү нь юм

Ирээдүйгий нь түмэнтэйгээ босголцох

Их үүрэг хүлээсэн юм

Хэрэв хүн, эх орноо

Хамгаас үнэтэй гэдэг бол

Хээр тал нутгаа

Юунаас ч илүү санадаг бол

Ажиллах хөдлөх бүрдээ

Алхах гишгэх болгондоо

Аугаа орныхоо төлөө бол

Алтан шороо руугаа дайрсан

Атаатны хорт сумыг

Аюуш шиг цээжээрээ таглан

Амиа өгөхөөс буцдаггүй бол

Энэ хүн Монгол хүн

Эх орондоо хайртай хүн,

Энэ хайр нь монголчуудад

Эртнээс хэвшсэн хайр гэнэ

Би монгол хүн болохоор

Биндэрьяа нутгийнхаа төлөө

Бие амь, бүх насаа

Авч байгаа амьсгаагаа

Оргилж байгаа зоригоо

Алины нь ч хайрлалгүй зориулдаг

Төрөлх нутгаа гийгүүлсэн

Нарны туяанд хайртай би

Төвшин талдаа цууриатсан

Эгшигт дуунд дуртай би

Ханагар чөлөөт нутгаа

Харах тусмаа баясаж байна

Халуун амиа дүйхгүй

Зүтгэх зориг нэмэгдэж байна.