Болор ордон

Болор ордон (Англи: The Crystal Palace) Их Британийн Викториа хатан хаан (1837-1901) Лондон хотод бүх дэлхийн үзэсгэлэн анх удаа зохион байгуулахад зориулж 1851 онд босгосон ордон юм. Энэ ордон нь битүү шиллэсэн төмөр сараалжин байгууламж байлаа.

Түүний урт нь 564 метр, 125 метр өргөн ба битүүлсэн дээврийн нийт талбай нь 100000 хавтгай дөрвөлжин метр байлаа. Энэ барилгыг “шил, төмөр” гэсэн дэгээр барьсан нь уран барилгын хөгжилд шинэ үе шатыг нээсэн юм. Болор ордныг барихад 3300 ширмэн багана угсарч, 300000 ширхэг адилхан хэмжээтэй шил, модон жааз, төмөр дамнуурга ашигласан нь өнөө үед өргөн дэлгэрсэн нэг загварын байшингуудын анхных нь болсон юм. Ордон дотор ямар нэгэн хаалт хийгээгүй, цэлийсэн том танхимтай. Болор ордныг цаг үеийн урлагийн гайхамшигт бүтээл гэж шагшин магтаж байв. Ордон дотор бас Египтийн, Грекийн танхим, Мавритани улс дахь Арслан хаалгатай Альгамбра ордон, загасны цөөрөм, Амьтны хүрээлэн, цэцгийн хүлэмж байлаа.

Ордноос гарч доод, дээд саравчит тагтаар дамжин явсаар цэцэрлэгт хүрээлэнд очно. Дээд саравчит тагт дотор ордныг бүтээсэн Ж.Пакстоны цээж баримал байна. Энэ тагтны буланд жижиг төмөр зам тавьсныг хүүхдүүд их сонирхоно. Доод саравчит тагт дотор итали дэгээр зассан цэцгийн мандал, 27 метр өндөрт ус цацруулдаг усан оргилууртай усан сан байв. Харин төв усан сан доторх усан оргилуур усыг 45 метр өндөрт цацдаг ажээ. Пүрэв, Бямба гаргуудад галын наадам зохион байгуулдаг байв. Одны хоёр цамхгийн нэг дээр гарахад Эссекс гүнлэг хүртэл үргэлжлэх Темза мөрний сав газар бүхэлдээ харагдана. Хамгийн харамсалтай нь Болор ордон 1936 он болсон аймшигт түймэрт сүйдсэн билээ.