Боолоогийн Баатар
БООЛООГИЙН БААТАР 1954 оны 3-р сарын 5-нд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт, ард Цогтын Боолоогийн 5 дахь хүүхэд, 2 дахь хүү болон мэндэлжээ. Аав Боолоогийнхоо 36-тайд төрсөн. Морь жилтэй. Алтайн Урианхай.
Бага нас, боловсрол
[засварлах | кодоор засварлах]Ах дүү арвуул байсан. Эдгээр нь том эгч [Ирбуян], эгч [Занданхүү], 1951 онд төрөөд 3 сартайдаа эндсэн ах [Нэргүй], эгч Нямсүрэн, эмэгтэй дүү Дүүдээ, [Орломсүрэн], Долгорсүрэн, 5 настайдаа эндсэн эрэгтэй дүү [Намдаг], Тавьтай нар юм. Б.Баатар олон хүүхэдтэй айлын ганц хүү байсан учраас эрх дураараа, барагийн хүнээс айж эмээхийг мэдэхгүй зоргоороо өссөн гэж эх Цэвэг нь хуучлан ярьдаг байв. Түүний ганц эмээдэг хүн нь 90 гаруй насандаа бурхан болсон нутгийн буянтай буурай Н.Тая гэдэг хүн байсан гэдэг. Б.Баатар Алтайн Урианхайн Баруун амбаны Оорцог сумын Хорхон элкиний хүн. Баатарын хуланц өвөг нь Азар гэдэг хүн байж. Азарын хүүг Довдон, Довдонгийн хүүг Цогт гэдэг байсан бөгөөд Цогтын ууган хүү нь Баатарын аав Боолоо юм. Б.Баатар төрөлх сумандаа 8 жилийн дунд сургуулиа төгсөөд Техник мэргэжлийн сургуульд сурахаар явах гэхэд нь аав ээж нь явуулах дургүй байсан гэдэг. Тэр бүү хэл дунд сургуульд сурч байхад нь хичээлээс бүрмөсөн гаргаж авахаар хэд хэдэн удаа оролцож байсан гэдэг. Нөхцөл байдал ийм байх үед олон эмэгтэй эгч дүүтэй хүн эрдэм сурахгүй бол болохгүй гэдгийг хатуу ухамсарлаж, улмаар Булган сумаас Мөнххайрхан сум руу мод ачаад явж байсан ачааны машины дээр сууж, оргох шахуу сургуульдаа явсан гэдэг.
"Амьдрал хэцүү, уулсын дунд алс бөглүү газар, олон эгч дүүтэй байсан учраас би л сурахгүй бол болохгүй гэж эрс шийдэж эрдэм номын мөр хөөсөн минь гарцаагүй зөв шийдвэр байсан" гэж дурсан ярьдаг. Б.Баатар эрдэм боловсрол, ажил мэргэжлийн хувьд Булган сумын 8 жилийн сургуулийг дүүргээд мод ачсан ачааны машинаар тэндээсээ Алтайн их давааг давж Ховд аймгийн төвөөр дамжин Улаанбаатар хотод ирж 1970-1973 онд Ойн Техникумыг “Ойн зохион байгуулагч” мэргэжлээр суралцаж төгссөн. Анхдагч мэргэжил нь “Ойн зохион байгуулагч”. Ойн техникумыг төгсөөд шууд Баянхонгор аймагт томилогдон аймгийн мод боловсруулах үйлдвэрт ойн техникчээр ажиллаж аймгийн төвд ойжуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Баянхонгор аймагт ойн техникчээр 2 жил ажилласны дараа Баян-Өлгий аймгийн ойн аж ахуйд 1975 оноос мод үржүүлгийн техникч, ойн инженер, ерөнхий инженерээр 1982 оныг дуустал ажиллажээ. 1982-1984 онд Намын дээд сургууль(тухайн үеийн нэрээр Нам, улсын хариуцлагатаны 2 жилийн сургууль)-д Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Намын дээд сургууль төгсөөд өөрийн төрөлх Булган сумандаа Намын хорооны орлогч, нарийн бичгийн даргаар 2 жил ажилласны дараа 1986-1990 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг “Хөдөө Аж Ахуйн эдийн засагч, зохион байгуулагч” мэргэжлээр суралцаж төгссөн. Улмаар 1990-2010-аад оны хооронд Булган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчоор тасралтгүй 20 гаруй жил, Мөнххайрханы нурууны Байгалийн цогцолборт газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Түүнийг нутгийнхан нь төрөлх нутгийнхаа тэргүүний лидер, хамт олны сайн манлайлагч, үнэнч анд нөхөр, дүү нарын сайн багш, итгэлтэй зөвлөгч, зохион байгуулагч, халамжит сайн хань, аав, өвөө гэж үнэлдэг. Идэвхитэй амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сум орон нутгийн ард иргэд, ах дүү, нутаг олон, байгаль дэлхийн сайн сайхны төлөө зориулсан ясны хөдөлмөрч, үнэнч шударга хүн. 2004-2005 онд Удирдлагын Академид Төрийн захиргааны удирдлагын Магистрын зэрэг хамгаалсан. Ойн аж ахуйн техникч, ХАА-н эдийн засагч зохион байгуулагч, Нийгэм судлалын багш мэргэжлитэй, нам улс төрийн дээд боловсролтой.
Ажилласан байдал, сонирхол хобби
[засварлах | кодоор засварлах]1973 оны 7 сараас 1975 онд Баянхонгор аймгийн мод боловсруулах үйлдвэрт Ойн техникч. Энд ажиллаж байхдаа аймгийн мод үржүүлгийн газар шинээр байгуулж байсан нь тухайн үеийн нам засгийн удирдлагуудаас өндөр үнэлэлт авч төрийн тэргүүн хүртэл хийсэн ажилтай нь биечлэн ирж танилдаг байсан гэдэг.
1975-1982 онд Баян-Өлгий аймгийн ойн аж ахуйд техникч, ойн инженер, ерөнхий инженер
1984-1986 Баян-Өлгий аймгийн Булган сумын намын хорооны орлогч Нарийн бичгийн дарга,
1990 оноос Баян-Өлгий аймгийн Булган сумын ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга, Засаг дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч
Сүүлд Мөнххайрханы Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Байгаль орчных хамгаалах, ойжуулах, усжуулах, малчдын бэлчээрийн менежмент хийх, улаан загалмайн нийгэмлэгт хүчин зүтгэх, түүх намтар судлах, гэрэл зураг авах зэрэгт сонирхолтой.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1978 онд 24 насандаа Батдэлгэрийн Ноосгойтой гэр бүл болж, 7 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Эхнэр Б.Ноосгой (1956-2007) нь бага ангийн багш мэргэжилтэй, насаараа боловсролын байгууллагад ажиллахдаа олон зуун шавь бэлтгэсэн багш байв.
Гавьяа шагнал:
[засварлах | кодоор засварлах]- Ардын хувьсгалын ойн медалиуд
- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- Яам агентлагийн хүндэт жуух бичиг
- Байгаль орчны тэргүүний ажилтан,
- Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан,
- Улаан Загалмайн тэргүүний ажилтан,
- Хил хамгаалах байгууллагын тэргүүний ажилтан зэрэг 10 гаруй байгууллагын тэргүүний ажилтанаар өргөмжлөгдсөн,
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан, нийгмийн зүтгэлтэн.
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч гишүүнээр 2 удаа сонгогдож байсан.
Ном зохиол:
[засварлах | кодоор засварлах]1. “Булган нутгийн Буянтай буурал”, 1990 он
2. "Миний Булган нутаг" гэрэл зургийн цомог, 2013 он
3. "Мөнх цаст Мөнххайрхан уул мину" гэрэл зургийн цомог, 2019 он
4. "Булган нутгийн байгаль, түүх, өв соёлын урлан" гэрэл зургийн цомог, 2021 он
5. "Гайхамшигт Булган нутаг" гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн, 2021-2022 он
References
[засварлах | кодоор засварлах]1. Миний Булган нутаг retrieved from https://web.archive.org/web/20220825105426/https://www.esan.mn/p/tsahim-nom/tanin-medehui/minij-bulgan-nutag
2. Мөнх цаст Мөнххайрхан уул мину retrieved from https://web.archive.org/web/20220825105426/https://www.esan.mn/p/tsahim-nom/tanin-medehui/moenhhajrhan-uul-minu