Jump to content

Борис Акунин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Борис Акунин

Борис Акунин (жинхэн нэр Григорий Шалвович Чхартишвили, гүрж. გრიგორი შალვას ძე ჩხარტიშვილი; 1956 оны 5-р сарын 20-нд ЗХУ-ын Гүржийн Зестафони-д төрсөн) -оросын зохилч, япон судлаач эрдэмтэн, уран зохиол судлаач, орчуулагч, олон нийтийн зүтгэлтэн. Мөн Анна Борисова болон Анатолий Брусникин гэсэн нууц нэрээр номоо хэвлүүлж байсан. 2014 оноос Лондон хотод амьдарч байгаа.

Тэрээр 1956 онд Эх орны дайнд оролцогч, их бууны офицер Шалва Ноевич Чхартишвили (1919—1997), орос хэл уран зохиолын багш Берта Исааковна Бразинская (1921-2007) нарын гэрт Зөвлөлт Гүржид төрсөн бөгөөд 1958 онд тэдний гэр бүл Москва руу нүүжээ.

Тэрээр 1973 онд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай № 36 сургууль төгсөөд 1978 хүртэл Москвагийн Их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн Дээд сургуулийн түүх-хэлзүйн ангид сурч төгссөн байна. Япон, англи хэлнээс уран зохиол орчуулдаг байжээ. Түүний орчуулгаар японы Мишсима Юкио, Маруяма Кэнзи, Яшуши Иноуэ, Симада Масахико, Абэ Кобо, Хоши Синъити, Кайко Такэши, Оока Сёхэй нарын зохиолууд хэвлэгдэж байжээ. Мөн америк, английн уран зохиолууд хэвлэгдэж байсан (Ти Си Бойл, Малкольм Брэдбери, Питер Устинов) юм.

1994-2000 онд оросын "Гадаадын уран зохиол" /Иностранная литература/ сэтгүүлийн ерөнхий редакторын орлогчоор, 20 боть «Японы уран зохиолын Антологи» номны ерөнхий редактороор ажилласан байна.

1998 оноос хойш "Б. Акунин" гэж нууц нэрээр хэвлэгдэх болсон. Түүний "Очир эрдэнийн тэрэг" романы баатруудын нэг "акунин" (япон. 悪人) "аюултай муу санаатан" гэж орчуулагддаг байна. Гэхдээ шүүмжлэлийн болон баримтад ажлуудаа өөрийн жинхэнэ нэрээр хэвлүүлдэг байна.

2022 оны 3-р сард тэрээр Михаил Барышников, Сергей Гуриев нартай хамтран Украины дүрвэгсдэд зориулсан хөрөнгө босгох зорилготой "Жинхэнэ Орос" буяны төслийг эхлүүлсэн байна.

2024 оны 1-р сарын 27-нд Оросын Дотоод хэргийн яам Борис Акуниныг эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан.

2024 оны 2-р сарын 6-нд Москвагийн Басманный дүүргийн шүүхээс зохиолч Борис Акуниныг эчнээ баривчилсан байна.

Тэрээр өнөөгийн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад эрх баригчдыг эрс шүүмжилдэг гэдгээрээ алдартай ажээ.

Түүний зохиолууд 35 хэлээр орчуулагдсан бөгөөд Япон, Нидерланд, Герман, Итали, Франц, Финланд зэрэг орнуудад хэвлэгдээд байгаа ажээ.